link
2012 онд батлагдсан Инновацийн тухай Монгол Улсын хууль, 2014 онд гарсан эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд гарааны компани байгуулах журам зэрэг эрх зүйн актын хүрээнд инноваци нь манай улсад сүүлийн жилүүдэд эрчимтэй яригдах болсон сэдэв юм. Инновацийн хөгжлийн тулгын чулуу нь шинжлэх ухаан, боловсрол, төр, бизнесийн (хувийн хэвшлийн) байгууллагын түншлэл мөн хэмээн гадаад, дотоодын эрдэмтэд үздэг.
Монголын инновацийн 7 хоног арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй “Шинжлэх ухаан-боловсрол-төр-хувийн хэвшлийн түншлэл” сэдэвт семинарыг 2017 оны 5-р сарын 9-ний өдөр Нийслэлийн засаг захиргааны V байр, нийслэлийн иргэний танхимд зохион байгуулах гэж байна.
Уг семинарын ерөнхий зохион байгуулагчаар Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газар, Шинжлэх ухаан, технологийн сан, ШУТИС, хамтран зохион байгуулагчаар БОАЖЯ, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Шинжлэх ухааны академи, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт, АПУ ХК, Аметрос Технологи ХХК, Мэдээлэл технологийн үндэсний парк, Мастер Лайн ХХК, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, ХААИС, МУИС, СУИС, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, МУБИС, Батлан хамгаалахын их сургууль, Монголын залуу эрдэмтдийн холбоо, Монголын инновацийн холбоо, Startup Mongolia, National startup fund, ивээн тэтгэгчээр Монгол Контент ХХК, АНУ ХК оролцож байна.
Тус семинарыг 2016 онд анх ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн Бизнесийн удирдлагын салбараас санаачлан зохион байгуулж, их сургууль, бизнесийн байгууллагын нийт 100 шахам төлөөлөгч оролцож байсан. Өнөөдөр тус хуралд шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний байгууллага, төр, бизнесийн байгууллагыг төлөөлж 200 гаруй төлөөлөгч оролцож, тэдгээрийн хамтын ажиллагааны хүрээнд тулгамдсан асуудлаар хэлэлцүүлж байна.
Энэхүү семинар нь Монгол Улсад мэдлэгийн эдийн засаг, инновацийн соёлыг төлөвшүүлэх, шинжлэх ухаан, их сургууль, төр, бизнесийн хөгжлийг шинэ шатанд гаргахад тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд шинжлэх ухаан, боловсрол, төр, хувийн хэвшлийн шийдвэр гаргах түвшний албан тушаалтнууд, эрдэмтэд, судлаачид, оюутан залуусын төлөөлөл оролцож, тэдний ирээдүйн түншлэлийн үйл явцыг хөгжүүлэхэд чиглэсэн зөвлөмж гарч байгаагаараа онцлогтой юм.
Зохион байгуулах комисс
(ШУТИС, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн Бизнесийн удирдлагын салбар)