link

ЮНЕСКО-гоос гаргасан “Боловсролын тухай дахин эргэцүүлэн бодох нь” номын Монгол хэвлэлийн нээлт, “БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2017-04-06 01:47

Дэлхий даяар бүх нийтийн сурах боломжийг өргөжүүлэх талаар асар их дэвшил, өөрчлөлт гарч цаашдын чиг баримжаагаа тодорхойлоход Боловсролын талаар дахин эргэцүүлэн авч үзэх шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа юм. Энэ зорилгын хүрээнд ЮНЕСКО-ийн Ерөнхий захирлын шийдвэрээр боловсролын үзэл баримтлалыг эргэн харах зорилго бүхий олон улсын нэр хүндтэй шинжээчдийн баг байгуулагдсан юм. Энэ багаас “Rethinking Education” буюу “Боловсролын тухай дахин эргэцүүлэн бодох нь” номыг эрхлэн гаргасан нь 11 орны хэл дээр хэвлэгдэн гарч дэлхий нийтийн хүртээл болоод байна.

ЮНЕСКО-ийн Нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны салбарын Нийгмийн өөрчлөлт, соёл хоорондын харилцааны департментийн Захирал, МУ-ын Гавьяат багш, профессор Д.Бадарч, ШУТИС-ийн Ректор профессор Б.Очирбат нарын санаачилгаар Олон улсын дээд боловсрол судлалын төвөөс уг бүтээлийг Монгол хэл дээр орчуулан гаргаж, ШУТИС-ийн  хэвлэх үйлдвэрт хэвлэн олны хүртээл болгоод байна.

Тус бүтээлийн Монгол хэвлэлийн нээлтийн хүрээнд “Боловсролын хөгжлийн чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлэг 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр ШУТИС-д амжилттай зохион байгуулагдлаа. Хэлэлцүүлэгт “Rethinking Education” номын судалгааны багийн ахлагч Собхи Тавил, профессор Д.Бадарч нар хүрэлцэн ирж оролцлоо. Мөн БСШУС-ын сайдын зөвлөх, академич Н.Бэгз, БСШУСЯ-ны Дээд боловсролын хэлтсийн дарга, профессор Т.Амаржаргалан, Ардын багш, профессор Ц.Өнөрбаян, ШУТИС-ийн проректор, ШУ-ны доктор, профессор Х.Энхжаргал, Этүгэн Их сургуулийн захирал, академич С.Нямзагд, МУИС-ийн доктор Ч.Лодойравсал, Боловсролын хүрээлэнгийн секторын эрхлэгч, доктор Б.Баярцэцэг нарын Монгол улсын дээд боловсролын салбарын тэргүүлэх эрдэмтэн, судлаачид оролцож Боловсролын дэлхийн чиг хандлага, боловсролын талаар МУ-ын төрөөс баримтлах бодлого, сурган, заах арга зүйн болон багш бэлтгэх тогтолцоотой холбоотой олон сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ. Хэлэлцүүлэгт БСШУСЯ, ШУА, ШУТИС, МУИС, ХААИС, БИС болон хувийн их, дээд сургууль, Боловсролын хүрээлэн зэрэг төрийн болон боловсролын үйлчилгээний өргөн хүрээг хамарсан 160 гаруй  эрдэмтэн судлаачид, багш нар, удирдлагууд  оролцлоо.

Энэхүү номыг Улсын хэмжээний номын сангуудаар дамжуулан олны хүртээл болгох юм. Мөн ШУТИС-ийн номын сан, ОУДБС-ын Төвийн веб сайтанд цахим хэлбэрээр байршуулах тул сонирхсон хэн бүхэн нээлттэй уншиж, танилцах боломжтой. Номын орчуулгатай холбоотой санал  хүсэлтээ ОУДБС-ын Төвийн нэр дээр ирүүлбэл бид талархан хүлээн авах болно.

Эрдэм шинжилгээний алба,

Олон Улсын Дээд боловсрол судлалын төв

e-mail: iherc@must.edu.mn

Affiliated schools