link

ШУТИС “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнагдлаа
2016-11-11 23:00

Монгол Улсад инженер технологийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэсний 55 жилийн түүхт ойг 2016 оны 11 дүгээр сарын 09-10-ны өдрүүдэд ШУТИС-ийн хамт олон, үе үеийн төгсөгч, багш нар тэмдэглэн өнгөрүүллээ.

Баярын ёслолын арга хэмжээ 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Корпорейт зочид буудлын хурлын танхимд болж ШУТИС-ийн хамт олон, анхны төгсөгч, багш нарын 1200 гаруй хүн оролцов. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсад инженер, технологийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэсний 55 жилийн ойг тохиолдуулан Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнасныг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Ц.Баярсайхан ШУТИС-ийн туганд зүүн өгч ШУТИС-ийн ректор Б.Очирбатад үнэмлэхийг нь гардуулан өглөө.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан хэлсэн үгэндээ: Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 136 дугаар зарлиг гаргаж, Монгол Улсад инженер, технологийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэсний 55 жилийн ойг тохиолдуулан Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнаж байна.

Шинжлэх ухаан, технологийн их сургууль нь хөгжлийнхөө үе шат, үүрэг зорилгодоо нийцүүлэн Политехникийн дээд сургууль, Техникийн их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль болж нэр, бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаагаа тухай бүрт өөрчлөн шинэчилж ирсэн бөгөөд дэлхийн жишигт хүрсэн сургалт, судалгаа явуулж, төгсгөсөн мэргэжилтнээ мөн тийм түвшинд хүргэх зорилт тавин амжилттай ажиллаж байгаад төр засаг, түмэн олон талархаж байдаг юм.

Монгол Улсдаа төдийгүй олон улсад нэр хүндтэй тус их сургууль өнөөдөр манай улсын шинжлэх ухаан, технологийн эрдэм мэдлэг, оюуны чадамжийн хөгжлийн гол тулгуур болж, өнгөрсөн 55 жилийн хугацаанд эх орондоо 140 гаруй мэргэжлээр 70 мянган дээд боловсролтой боловсон хүчнийг бэлтгэн гаргаж улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан баялаг түүхтэй, бахархам амжилттай, түүхэн гавьяатай их сургууль болсон байна.

Сүүлийн жилүүдэд дээд боловсролын салбарыг хөгжүүлэх чиглэлд өрнүүлсэн олон ажлуудыг та бүхэн амжилттай хэрэгжүүллээ. Сургалтын кредит систем, их сургуулийн удирдлагын мэдээллийн систем зэргийг анх удаа их сургуулийнхаа үйл ажиллагаанд амжилттай нэвтрүүлсэн төдийгүй бусад их, дээд сургуулиудад хэрэгтэй олон сайн туршлагыг хуримтлуулж чаджээ.  

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн төгсөгчид болон ажилчид, оюутнуудаас Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон, төрийн дээд шагналтан; төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд, эрдэмтэн мэргэд хэдэн зуугаараа төрөн гарсан бөгөөд эх орныхоо уул уурхай, зам тээвэр, харилцаа холбоо, эрчим хүч, үйлдвэр, барилга зэрэг инженер хүний уураг тархи, уран гар шаардсан салбар бүхэнд ажиллаж, хөтөлж, удирдаж явааг тэмдэглэхэд таатай байна.

Та бүхний энэхүү их гавьяат үйл хэргийг Монголын төр өндрөөр үнэллээ. Энэ одон та бүхний хийж бүтээсэн их ажлын үнэлгээ, цаашид улам ихийг бүтээх амжилтын уриа болно гэдэгт итгэж байна. Та бүхэнд дахин халуун баяр хүргэж, амжилт хүсье” гэлээ.

Түүнчлэн Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд  Ж.Батсуурь “ШУТИС-ийн эрхэм хүндэт ахмад үеийнхэн, эрдэмтэн багш нар, нийт оюутнууд, их сургуулийн анхны төгсөгчид Та бүхэнд Монгол Улсын Засгийн газар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны нэрийн өмнөөс болон хувиасаа Монгол Улсад инженер, технологийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэсний 55 жилийн ойн баярын цогтой халуун мэндийг өргөн дэвшүүлье.

Шинжлэх ухаан, технологийн их сургууль үе үеийн төгсөгчид нь нийгэм эдийн засаг, үндэсний аж үйлдвэрийн салбарын хөгжил, эх орны бүтээн байгуулалт, шинжлэх ухаан, техникийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг төр, засгаас өндрөөр үнэлж, энэхүү түүхт ойг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тус сургуулийг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнасан явдалд та бүхэндээ чин сэтгэлийн халуун баяр хүргэе” хэмээн үг хэлж ШУТИС-ийн хамт олонд мэндчилгээ дэвшүүллээ.  Баярын хуралд оролцогчдод хандан Монгол Улсын гавьяат багш, ШУТИС-ийн анхны багш, профессор М.Дүгэрсүрэн баяр талархлын үг хэлэв.

Монгол Улсад инженер, технологийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх эхлэлийг тавьж, ШУТИС-ийн ууган оюутан, ууган багш, ууган эрдэмтдийн төлөөлөл болон манлайлж, салбарын шинжлэх ухааныг хөгжүүлэн үр өгөөжийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, их сургуулийн хөгжлийн бодлого, стратегийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэн сургалт, судалгааны ажлын чанарыг дээшлүүлэх, багшлах боловсон хүчнийг хөгжүүлэх үйлсэд 55 жилийн хөдөлмөр, бүтээлээ зориулан идэвх зүтгэл гарган амжилттай ажиллаж байгаа Монгол Улсын Ардын багш, доктор, профессор Г.Базарыг ШУТИС-ийн “Хүндэт доктор” цол өргөмжилж хүндэтгэл үзүүлсэн юм. 

Ёслол хүндэтгэлийн арга хэмжээг ШУТИС-ийн авьяаслаг багш, оюутнууд өөрсдийн бэлтгэсэн баярын хүндэтгэлийн тоглолтоор өндөрлүүлэв.

Affiliated schools