link

ШУТИС-ийн оюутнууд оюутны санаачилгыг дэмжих өрсөлдөөнт тэтгэлгийн батламжаа гардаж авлаа.
2016-05-26 00:34

БСШУ-ы сайд Л.Гантөмөр өчигдөр оюутнуудын бичсэн 117 төсөлд 342 сая төгрөгийн санхүүжилттэй тэтгэлгийн батламжийг Соёл урлагийн их сургуулийн Оюутан театрт гардууллаа.

Тодруулбал, БСШУЯ-наас хэрэгжүүлж байгаа “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн Тэгш хүртээмжтэй байдал, бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд оюутны санаачилгыг дэмжих өрсөлдөөнт тэтгэлгийг байгалийн ухаан, инженер технологи, хөдөө аж ахуй чиглэлээр бакалаврын хөтөлбөрт суралцаж оюутнуудын дунд зарласан.

Төслийн тэтгэлэг горилох оюутнууд Нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах; Оюутны суралцах орчныг сайжруулах; Оюутны клубын үйл ажиллагааг идэвхжүүлэх; Дотуур байрны орчныг сайжруулах; Оюутанд үзүүлэх үйлчилгээг сайжруулах; Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих; Хөгжлийн бэрхшээлтэй оюутанд үзүүлэх үйлчилгээг сайжруулах гэсэн найман үндсэн чиглэлээр төсөл бичиж оролцлоо.

Өрсөлдөөнт тэтгэлгийн уралдаанд нийт 36 их, дээд сургууль дээр 279 төсөл бичиж уралдсан бөгөөд хоёрдугаар шатанд Олон талт төлөөлөл бүхий 11 гишүүний бүрэлдэхүүнтэй хороо нийт 36 их, дээд сургуулийн 117 төслийг шалгарууллаа.

Энэхүү шалгарсан 117 төслийн багт нийтдээ 483 оюутан тэтгэлэгт хамрагдах юм.  Оюутны санаачилгыг дэмжих 117 төсөлд нийт 342 сая төгрөгийн тэтгэлэг олголоо.

Мөн ШУТИС-иас 17 төсөл шалгарч ШУТИС-ийн ректор Б.Очирбат болон бусад албаны хүмүүс гардуулж өглөө. БСШУЯ, төслийн багийн ахлагч, бүрэлдэхүүн сургууль хамтран “ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ, САНХҮҮЖҮҮЛЭХ ГЭРЭЭ”-г байгуулж 17 төслийн 50 сая гаруй төгрөгийн тэтгэлгийг бүрэлдэхүүн сургуулийн санхүүгээр дамжуулан санхүүжилтийг төслийн багт олгох болно.

ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА

Affiliated schools