link

“Best Paper Awards: Master & Doctorate Student-2016” магистрант, докторант оюутнуудын эрдэм шинжилгээний бага хурал боллоо
2016-05-18 16:30

Монголын Инновацийн 7 хоног-2016,

ICIED-2016: “International Conference on Innovation & Entrepreneurship Development” арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан “BEST PAPER AWARDS: MASTER & DOCTORATE STUDENTS-2016” залуу судлаачдын эрдэм шинжилгээний бага хурал амжилттай явагдлаа.

Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо (МЗЭХ), Технологи, инновацийн залуу судлаачдын нийгэмлэг (ТИЗСН)-ээс “Best Paper Awards: Master & Doctorate Student-2016” магистрант, докторант оюутнуудын эрдэм шинжилгээний бага хурлыг 2016 оны 5 дугаар сарын 13-нд ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд амжилттай зохион байгууллаа. Энэ жилийн хувьд  уг арга хэмжээг ШУТИС болон БСШУЯ, БОНХАЖЯ, АҮЯ, МҮХАҮТ, СУИС, МЗЭХ, МИХ зэрэг байгууллагуудаас хамтран байгуулсан “Монголын Инновацийн 7 хоног-2016” болон ICIED-2016: “International Conference on Innovation & Entrepreneurship Development”  олон улсын бага хурлын  хүрээнд зохион байгуулснаараа онцлогтой.

Уг эрдэм шинжилгээний бага хурлын зорилго нь магистрант, докторант оюутны судалгаа, шинжилгээний ажлыг дэмжих, залуу судлаач нарт судалгааны үр дүн, бүтээлээ танилцуулах боломж олгох улмаар шинжлэх ухаан, технологийн салбарын хүний нөөцийг чадавхижуулан, эрдэмтдийн залгамж халааг бэлтгэх, түүнчлэн шинжлэх ухааныг төр, хувийн хэвшил болон олон нийтэд сурталчилан таниулахад чиглэгдэв.

Хурлын үйл ажиллагаанд ШУТИС-ийн эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн проректор, док(PhD)., дэд проф. Ч.Баасандаш, МЗЭХ-ны Ерөнхийлөгч,  док(PhD). Д.Баттогтох, академич, док(Sc.D). Ж.Тэмүүжин, ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн Технологийн менежментийн салбарын эрхлэгч, док(Sc.D)., проф. Л. Оюунцэцэг, БНСУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх, Ерөнхийлөгчийн дэргэдэх Шинжлэх ухааны зөвлөлийн дэд дарга, док(Ph.D)., проф. Сунг-Чул Шин(Sung-Chul Shin) болон салбартаа тэргүүлэх эрдэмтэд, 50 гаруй залуу судлаачид оролцлоо.

Хурлыг магистр-оюутны болон доктор-оюутны гэсэн хоёр чиглэлээр, англи хэл дээр явуулсан нь энэ жилийн онцлог байлаа. Шилдэг эрдэм шинжилгээний бүтээлийн шалгаруулалтанд нийт 50 гаруй судлаачдын 23 бүтээл ирүүлсэнээс мэргэжлийн хянан магадлагааны дүнг үндэслэн 18 бүтээлийг  “Менежмент ба Инноваци” эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлсэн нь уг арга хэмжээний чанар үр өгөөжийг улам дээшлүүлж байна.

Мэргэжлийн хянан магадлагаа хийх комиссын болон шилдэг илтгэл шалгаруулах шүүгчдийн бүрэлдэхүүнд академич Ж.Тэмүүжин,   док(Sc.D)., дэд проф. Б.Цэцгээ, док(PhD). Б.Загдхорол, док(PhD). Д.Төрмөнх, док(PhD).  Да.Ганбат, док(PhD). Л.Түмэнбаяр, док(PhD). Т.Баясгалан, док(PhD). Ж.Азжаргал, док(PhD). Д.Энх-Отгон, док(Sc.D). Т.Уранчимэг, док(PhD). Ж.Уранчимэг, док(PhD).  М.Банзрагч нар тус тус ажиллав.

Докторант оюутны салбар хуралдаанд тавигдсан илтгэлүүдээс:

ТЭРГҮҮН байранд ШУТИС, МХТС-ийн докторант оюутан Т.УРАНЧИМЭГИЙН “Efficient Network Topology for Monitoring the Freight Train” илтгэл шалгарч МОНГОЛ КОНТЕНТ ХХК-ийн НЭРЭМЖИТ 1500000 (нэг сая таван зуун мянган) төгрөгийн мөнгөн шагналаар,

ДЭД байранд МУИС-ийн ХШУС-ийн докторант М.ЗОЛЖАРГАЛЫН “Named Entity Recognition for Mongolian Language” илтгэл,

Магистрант оюутны салбар хуралдаанд тавигдсан илтгэлүүдээс:

ТЭРГҮҮН байранд Шинжлэх Ухааны академийн Философийн институтын эрдэм шинжилгээний ажилтан, докторант Г.ТӨРХИШИГИЙНMeasuring the Research and Development in Business Sector in Mongolia” сэдэвт илтгэл шалгарч СКАЙТЕЛ КОМПАНИЙ ЗАХИРАЛЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛ (Samsung Galaxy Note 5 гар утас)-аар,

ДЭД байранд МУИС, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн магистрант Б.ЛХАГВАЖАРГАЛЫНAir quality study in Erdenet city” сэдэвт илтгэлүүд тус тус шалгарлаа.

Бидний хурлын үйл ажиллагааг дэмжин санхүүжүүлж ажилласан ШУТИС, СКАЙТЕЛ ХХК, МОНГОЛ КОНТЕНТ ХХК-ийн хамт олонд Шинжлэх ухаан, залуу судлаачдыг дэмжин ажилласанд баярлаж талархснаа илэрхийлье.

Эрдэм шинжилгээний бага хуралд оролцсон нийт залуу судлаачиддаа эрдэм судллалын ажлын өндөр амжилт хүсье!

Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо

Технологи Инновацийн Залуу Судлаачдын Нийгэмлэг

Монголын Инновацийн 7 хоног-2016,

ICIED-2016 олон улсын бага хурал зохион байгуулах комисс

Affiliated schools