link

“Ажлын байрны үзэсгэлэн яармаг-2016” өдөрлөг боллоо
2016-05-16 17:55

 “Ажлын байрны үзэсгэлэн яармаг” өдөрлөг 2016 оны 5 сарын 12-ны өдөр болж өнгөрлөө. Тус өдөрлөгийн зорилго нь ШУТИС-ийн төгсөгчдийг ажил олгогч байгууллага, аж ахуйн нэгж, компаниудтай холбох, тэдэнд ажлын байраа олоход нь туслалцаа үзүүлэхийн зэрэгцээ ажил олгогчийн зүгээс төгсөгчдийн талаар нарийвчилсан мэдээлэл авах, өөрийн байгууллагад шаардлагатай байгаа мэргэжилтнийг сонгон шалгаруулж, төгсөгчиддөө чиглэсэн мэдээлэл олгох боломжоор хангахад чиглэгдсэн болно.

 

Оюутны хөгжил, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор П.Жаргалтуяа тус өдөрлөгийн үйл ажиллагааг нээж үг хэллээ. ШУТИС-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ц.Буянцогтоо нийт оюутнуудад зориулан мэдээлэл өгч, НЗДТГ-ын Хөдөлмөр эрхлэлт, Нийгэм хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай, Нийслэлийн хөдөлмөрийн газрын дарга Г.Гэрэлмаа, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны орлогч захирал Ц.Эрдэнэбаатар, Нийслэлийн хөдөлмөрийн газрын, хөдөлмөр эрхлэлтийн албаны дарга Д. Оюунгэрэл нар төгсөгч оюутнуудад хандан үг хэллээ.

Мөн “Ирээдүйн карьер ба амжилт”  сэдвээр ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн ахлах багш Л.Цэрэнчимэд,  “Ажилд ороход анхаарах товч зөвлөмж” сэдвээр ШУТИС-ийг 2006 онд онцлох дипломтой төгсөгч Хязгааргүй шийдэл компанийн гүйцэтгэх захирал Б.Саруул нар оюутнуудад зориулж сургалт явууллаа.

Сургалтанд БАС-43, БуХС-28, ГУУС-39, МТС-48, МХТС-28, ҮТС-81, ХШУС-31, ЭХИС-56, E-нээлттэй институт-3, Гадаад хэлний институт-28 нийт 385 оюутан хамрагдлаа.

 

Уг өдөрлөгт Оюутны хөгжил, үйлчилгээний албатай хамтран ажилладаг байгууллага болох Нийслэлийн хөдөлмөрийн газар,  Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо,  MCS групп, Ханхур холдинг, Номин холдинг,  Төрийн банк, Говь ХК, Нанс кашмер ХХК, МАКорпораци,  Дельта холдинг ХК, Таван богд групп, Эрдэнэс таван толгой ХК,  Дулааны цахилгаан станц-III ТӨХК, Тэсо корпораци, Очир ундраа групп, Дашваанжил ХХК, IT zone ХХК, Premium Palace ХХК, М-Ойл ХХК,  Атар өргөө ХК,  Талх чихэр ХК, Өгөөж чихэр боов ХК,  Сүү ХК, Монгол даатгал ХХК, Номин даатгал ХХК зэрэг 40 гаруй байгууллага оролцож,  Дельта холдинг компанийн үндэсний үйлдвэрийн бүтээн байгуулалт  болон  нээлттэй ажлын байрны талаар илтгэл тавилаа.

 

Онцолж хэлэхэд Нийслэлийн хөдөлмөрийн газар нь манай төгсөгчдөд 21 аж ахуйн нэгж байгууллагын 80 ажлын байрны саналтай ирж, тухайн  мэргэжлийн дагуу төгсөгчдийн мэдээллийг авлаа.

 

Мөн 600 гаруй оюутан онлайнаар анкет бөглөсөн ба ажил олгогч байгууллагуудад танилцуулан, ажлын байрны захиалгын дагуу  мэргэжлийн чиглэлээр төгсөгч  оюутнуудын мэдээллийг өгсөн болно. 

 

Тус өдөрлөгт 49 байгууллага оролцож, 351 нээлттэй ажлын байрны саналтай ирж, нийт 800 гаруй оюутныг зуучилсан  болно.

Оюутны хөгжил, үйлчилгээний алба

Affiliated schools