link

“БОТГО АВАХУУЛАХ ЗАН ҮЙЛ”-ийг ЮНЕСКО-д бүртгэснийг батламжиллаа
2016-02-08 17:40

 

     “БОТГО АВАХУУЛАХ ЗАН ҮЙЛ”-ийг ЮНЕСКО-д бүртгэн тунхагласан батламж гардуулах ёслол 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Монгол Улсын Филармони хурлын зааланд боллоо. 2015 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдөр ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлийн биет бус өвийн жагсаалтад Монгол Улсаас нэр дэвшүүлсэн "Ботго авахуулах зан үйл" бүртгэгдсэн билээ. "Ботго авахуулах зан үйл" Монгол Улсаас ЮНЕСКО-д бүртгэгдэж буй 13 дахь өв юм. Монголчуудын уламжлалт зан заншилд мал аж ахуйн холбогдолт зан үйл үлэмж байр суурийг эзэлдэг. Тэдгээрийн нэг нь төл авахуулах зан үйл юм. "Ботго авахуулах зан үйл"-ийн нэр дэвшүүлэх баримт бичиг боловсруулах багийн ахлагчаар ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн багш доктор (P.hD), дэд профессор Ю.Болдбаатар, гишүүнээр Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын эрхлэгч Н.Галиймаа нар ажилласан байна.

      Монголчууд малын төрөл тус бүрт тохирсон өөр өөр дохио, ая аялга хэрэглэдэг бөгөөд ингэнд ботго авахуулахад "хөөс, хөөс" хэмээх тухайлсан аялаг, дуу-дохиог хэрэглэж ирсэн уламжлалтай. Ийнхүү хөөслөн дуулах, хөгжмийн эгшгээр аргадах явцад тухайн ингэ өнчирсөн, гологдсон ботгыг үл тоомсорлон хажиглаж байснаа бага багаар бишүүрхэхээ больж, эцэстээ нулимс унаган уярч, өөрийн ботго мэтээр хайрлаж эхэлдэг байна. 

      Ингийг хөөслөхдөө малчин хүн тухайн ингэ ямар ая аялгуунд уярч, сэтгэл зүйн ямар хариу үйлдэл үзүүлж буйг соргогоор мэдэрч, заримд нь удаан уянгалаг, заримд нь гэгэлгэн хайлган аяыг сонгон эгшиглүүлдэг байна. 

Affiliated schools