link

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2015 оны тэтгэлгийг Барилга, архитектурын сургуулийн оюутан хүртлээ
2015-12-25 22:41

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу шилдэг оюутнуудад тэтгэлэг гардуулах ёслолын үйл ажиллагаа 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Төрийн ордонд боллоо. Ерөнхийлөгчийн Хүний Хөгжил, Нийгмийн Бодлогын зөвлөх Р.Болд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2015 оны тэтгэлгийг 16 оюутанд гардуулан өглөө.

Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд шагнал гардуулж хэлсэн үгэндээ:

"Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2015 оны тэтгэлгийг оюун ухаан, хичээл зүтгэлээ дайчлан сурлага, спорт, урлагийн онцгой амжилт гарган амжилттай суралцаж байгаа оюутнуудад мэргэжлийн ур чадвар, сурлагын амжилтыг нь чухалчлан олгож байна.

Мэргэжлийн ур чадвар, өрсөлдөх чадамж, судалгаа шинжилгээнд суурилсан мэдлэг залуу хүний төдийгүй  Монгол Улсын хөгжлийн зүтгүүр юм. Үүнийг манай залуучууд бүрэн ухамсарлаж, биеэ дайчлан суралцаж байгаад баяртай байна.

Эрдэм шинжилгээ, судалгааны ажлаараа бусдыгаа манлайлж байгаа МУИС-ийн оюутан А.Банзрагчгарав, Б.Амгаланбаатар, ШУТИС-ийн оюутан Б.Тайван, МУБИС-ийн оюутан П.Цэдэн-Иш, мэргэжлийн ур чадвараараа олон улсын нэр хүндтэй наадам, тэмцээн уралдаанд амжилттай оролцож эх орныхоо нэрийг дуурсгаж байгаа СУИС-ийн оюутан Ё.Дамчаабадгар, Ц.Анхбаяр, спортын төрөлд олон улс, улс, бүсийн тэмцээнүүдийн амжилтыг үнэлж ХААИС-ийн оюутан Н.Мөнхболд, Дорнод Их сургуулийн оюутан Э.Ганцэцэг, иргэний цэргийн үүргээ ухамсарлаж, цэргийн албаны шинэ хэлбэр болох “Оюутан цэрэг” хөтөлбөрт амжилттай хамрагдаж, үеийн залуустаа үлгэрлэж, сурталчилж байгаа МУИС-ийн оюутан Т.Цэнд-Аюуш нарын зэрэг шилдэг оюутнуудад Монгол Улсын Ерөнхийлөгч нэрэмжит тэтгэлгээ хүртээлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг бол үлгэрлэх жишгийг тодорхойлох шагнал юм. Мөн та бүхний зорьж тэмүүлж яваа бүхэнд урам хайрласан шагнал юм. Та нар шиг амжилт гаргахыг бусад оюутнуудаас уриалж буй уриалга билээ.

Та бүхний цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсч баярыг тань хуваалцаж буй гэр бүл, анги хамт олон, найз нөхдөд тань бас сайн сайхан, эрүүл энхийн өлзийтэй ерөөл дэвшүүлье" хэмээв.

ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА

Affiliated schools