ЮНЕСКО-гийн Нийгэм ба Хүмүүнлэгийн шинжлэх ухааны сектор болон Шинжлэх ухаан, технологийн их сургууль, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс хамтран “Нийгмийн салбар дахь өөрчлөлт, шинэчлэлтийн менежмент ирээдүй судлал” сургалт семинарыг 2015 оны 9-р сарын 29-ний өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдрүүдэд ШУТИС-ийн Төв номын сангийн 303 тоот өрөөнд зохион байгууллаа. Тус сургалт семинарт олон улсын экспертүүдийг урин, нийгмийн шинжлэх ухааны эрдэмтэн, судлаачид, улсын сектор дахь бүх шатны төлөвлөлт, бодлого хариуцсан мэргэжилтэн, шийдвэр гаргагчид болон ШУТИС-ийн захиргаа, бүрэлдэхүүн сургуулийн удирдлагууд хамрагдлаа.
Шийдвэр гаргагчдын хувьд ирээдүйд үүсэх тодорхойгүй байдлыг урьдчилан харж, зохицуулах нь хамгийн том сорилт болдог. Иймд Монгол улсын хөгжлийн бодлогыг тодорхойлогч, шийдвэр гаргагч нар ирээдүйн хэтийн төлөвийг урьдчилан таамаглаж, түүнийгээ ашиглан хамгийн оновчтой шийдвэрүүдийг гаргах чадварыг дээшлүүлэх зорилготой аж.
Сургалтад хамрагдсанаар стратеги, төсөөлөл дээр суурилсан эргэцүүлэн бодох үйл явцаар дамжуулан бодлого боловсруулагч, мэргэжилтэн, судлаачдын ирээдүйг төсөөлөх, эргэцүүлэн бодох чадварыг сайжруулж, тэдний сонголтод эерэгээр нөлөөлөх юм. Ирээдүйн талаар мэдлэг чадвар эзэмшсэн шийдвэр гаргагчид нь өөрсдийн амьдарч буй нийгмийн ирээдүйг харах, үнэт зүйлсээ тодорхойлох талаар тодорхой ойлголт төсөөлөлтэй болж, өнөөгийн эмх замбараагүй, санамсаргүй зүйлсээр дүүрэн, хурдацтай өөрчлөгдөж байгаа ертөнцөд шинэлэг боломжуудыг олж илрүүлэх чадвартай болох юм.
Сургалтыг ЮНЕСКО-ийн Нийгэм, хүмүүнлэгийн салбарын “MOST Foresight School”, судалгааны багын ахлагч Miller Steaven Rail удирдан явуулав.
Сургалтын нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, ЮНЕСКО-ийн нийгэм, хүмүүнлэгийн салбарын Нийгмийн шинжлэх ухаан, соёл хоорондын харилцааны албаны захирал проф.Д.Бадарч, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний комиссын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан, ШУТИС-ийн УЗ-ын дарга Б.Буяанцогтоо, ШУТИС-ийн Ректор Б.Очирбат болон яам, тамгын газрын мэргэжилтэн, их, дээд сургуулийн эрдэмтэн, судлаачид оролцлоо.