Монгол, Япон улсын Засгийн газар хамтран хэрэгжүүлж буй “Инженер, Технологийн Дээд Боловсрол” төслийн Хамтарсан Бакалаврын хөтөлбөр, Бэлтгэл Косэн сургалтын хөтөлбөрийн 2015-2016 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр ШУТИС-д боллоо. Тус арга хэмжээнд БСШУ-ны сайд Л.Гантөмөр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шимизү Такэнори, олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүми, Японы их дээд сургуулиудын консорциумын 6 гишүүн сургуулийн төлөөлөл, ШУТИС-ийн Ректор Б.Очирбат, уг төслийн удирдах хорооны дарга бөгөөд БСШУЯ-ны СБТГ-ын дарга Б.Насанбаяр, Хамтарсан Бакалаврын сургалтын хөтөлбөрт шинээр элсэгч оюутнууд, Бэлтгэл Косэн сургалтын хөтөлбөрийн 1, 2 дугаар курсийн оюутнууд оролцлоо.


Нээлтийн ёслолын үйл ажиллагаанд Бэлтгэл Косэн сургалтын хөтөлбөрийн 2-р курсын оюутан Цэнд-аюуш, Бандиням нар япон хэлээр илтгэл тавьж, нэг жил хагасын хугацаанд хэрхэн япон хэлийг сурч буйгаа ирсэн зочдод танилцуулав. Мөн Косэн сургалтын хөтөлбөрийн 1, 2 курсийн оюутнууд Японоор найрал дууны мэндчилгээ дэвшүүлэв.
Энэ төсөл нь дэлхийд инженер, технологийн салбараар тэргүүлэгч Япон улсад 1000 инженер бэлтгэж, ШУТИС, МУИС-ийн инженерийн сургалтын хөтөлбөрийг дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх түвшинд хүргэх зорилготой. Хамтарсан Бакалаврын хөтөлбөрт хамрагдсан оюутнууд 2.5 жилийг ШУТИС-д, үлдсэн 2 жилийг Японы их, дээд сургуульд суралцаж хоёр сургуулийн хос дипломтой, аж үйлдвэрийн салбарын эрэлтэд нийцсэн чадварлаг инженер болж төгсөх юм.
Нээлтийн үеэр инженерийн чиглэлээр Япон улсад сурч байгаа болон сурахаар бэлтгэж байгаа оюутнуудад хандан БСШУЯ-ны сайд Л.Гантөмөр "Дэлхийн шилдэг Монгол инженерийг бэлтгэх зорилго бүхий энэхүү төслийн санхүүжилт бол Японы ард түмний татварын мөнгө юм. Сүмогийн их аварга Асашёорюү Д.Дагвадорж анхны түрүүгээ аваад "Багшийнхаа ачийг яаж хариулах вэ" хэмээх асуултад "Би багшаасаа сайн бөх болж багшийнхаа ачийг хариулна" гэж хэлсэн байдаг. Үүнтэй адил та бүхнийг Япончуудаас илүү сэтгэж, багштайгаа эн зэрэгцэх биш багшаасаа илүү гарч Япончуудын ачийг хариулаарай" хэмээн захилаа. Мөн БСШУ-ны сайд Л.Гантөмөр уг төслийн хүрээнд магистр, доктор, зэргийн бус сургалтад хамрагдсан багш, оюутнуудад батламж гардууллаа.


Уг нээлтийн ёслолын арга хэмжээний үеэр болсон бас нэг чухал арга хэмжээ нь Монгол улсын БСШУ-ны сайд болон Япон улсаас суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шимизү Такэнори нарын өмнө ШУТИС болон Японы их, дээд сургуулиудын консорциумын хооронд Хамтарсан Бакалаврын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээ баталгаажсан явдал байв. Гэрээнд ШУТИС-ийг төлөөлж Ректор Б.Очирбат, Японы их, дээд сургуулиудын консорциумыг төлөөлж Нагаокагийн шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Ректор Нийхара Коүйчи (тус сургуулийн Гадаад Харилцаа эрхэлсэн проректор Миками Ёшики төлөөлөн) нар гарын үсэг зурсан байна.
Нээлтийн ажиллагаанд оролцогчид Хамтарсан Бакалавр болон Бэлтгэл Косэн сургалтын хөтөлбөрийн анги танхимтай танилцаж, багш оюутнуудтай уулзалт хийснээр нээлтийн үйл ажиллагаа өндөрлөлөө.
"Инженер, Технологийн Дээд Боловсрол" төслийн хүрээнд хэрэгжиж буй Хамтарсан Бакалаврын сургалтыг дэмжигч Японы их, дээд сургуулиудын консорциумын төлөөлөл ШУТИС-ийн профессор, багш нартай санал солилцов.
ИТДБ төслийн хүрээнд хэрэгжиж буй хос диплом бүхий Хамтарсан Бакалаврын сургалтын хөтөлбөрийг дэмжин ШУТИС-д 2.5 жил Япон хэл болон мэргэжлийн суурь хичээлээ сурсан Монгол оюутныг хүлээн авч, сүүлийн 2 жилийн сургалтыг хариуцахаар Японы 6 их, дээд сургуулиудаас бүрдсэн консорциум байгуулагдан хамтран ажиллаж байна.

ШУТИС дээр "Инженер, Технологийн Дээд Боловсрол" төслийн хүрээнд хэрэгжиж буй Хамтарсан Бакалаврын хөтөлбөр, Бэлтгэл Косэн сургалтын хөтөлбөрийн хичээлийн шинэ жилийн нээлт 2015 оны 9 дүгээр сарын 25-нд болсонтой холбогдуулан уг консорциумын их, дээд сургуулиудын удирдлага, төлөөлөл ШУТИС-ийн дээд боловсролын суурь хичээл, мэргэжлийн суурь хичээлээр ордог лабораторийн анги танхимтай танилцаж, Хамтарсан Бакалаврын сургалтын хөтөлбөрийг гардаж хариуцдаг ШУТИС-ийн удирдлага, профессор багш нартай дугуй ширээний уулзалт хийж, цаашдын хамтын ажиллагааг шуурхай бөгөөд үр дүнтэй явуулах үүднээс хамтрагч сургуулиудын гишүүдээс бүрдсэн Эрдмийн Зөвлөл (Academic Committee) байгуулах тухай, түүний үйл ажиллагааны цар хүрээний тухай санал солилцов. Мөн төлөөлөгчид ШУТИС-ийн Горхийн полигонтой танилцан, 1-р курсийн оюутнуудын биеийн тамирын дадлагын байдалтай танилцан, чөлөөт уулзалт хийв.
