link

Олон улсын оюутны эрдэм шинжилгээний хурал, япон хэлний хээрийн сургалт явагдаж өндөрлөлөө
2015-09-16 17:18
Монгол Улсад япон хэлтэй боловсон хүчин бэлтгэж эхэлсний 40 жилийн ойн хүрээнд Япон улсын Бүнкёо их сургуулийн профессор багш, оюутнууд, ШУТИС-ийн Гадаад хэлний институтийн Ази судлалын тэнхим, МУИС-ийн Шинжлэх ухааны их сургууль, Хүмүүнлэгийн ухааны сургуулийн Ази судлалын тэнхим, МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Дорно дахины хэлний тэнхимийн профессор багш, оюутнууд хамтран олон улсын оюутны  эрдэм шинжилгээний хурал болон япон хэлний хээрийн сургалт, Улаанбаатар хот, Говь хувьцаат компаний үйлдвэр, Монгол-Япон төвтэй танилцах арга хэмжээ 2015 оны 8 дугаар сарын 16-21-ний өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө.

Энэ удаагийн зуны сургалтанд Японы Бүнкёо их сургуулийн 2 профессор багш, 12 оюутан, Монголын 3 их дээд сургуулийн 4 профессор багш, 24 оюутан оролцсон.
 
Олон улсын оюутны эрдэм шинжилгээний хурал 8-р сарын 20-ны өдөр ШУТИС-ийн Шинжлэх ухаан технологийн төв номын сангийн хурлын танхимд явагдав. Тус хурлыг нээж Япон улсын Бүнкёо их сургуулийн профессор Масами Сано үг хэлсэн ба хурлын эхэнд ШУТИС, МУИС, МУБИС-ийн оюутнууд тус тусын сургуулийн япон хэлний сургалтын талаар япон хэл дээр танилцуулга илтгэл тавьж монгол дахь япон хэлний сургалтын тухай япон оюутнуудтай санал солилцлоо. Түүний дараа Бүнкёо их сургуулийн оюутнууд өөрийн сургуулийн танилцуулга, японы орчин үеийн соёлын талаар сонирхолтой илтгэл тавьж монгол оюутнуудтай чөлөөт ярилцлага өрнүүлэв. Уг хурлын үр дүнд Монгол дахь 3 их дээд сургуулийн япон хэлний сургалтын өнөөгийн байдлыг оюутнууд өөрийн байр сууринаас дүгнэж, япон оюутнуудад тус тусын сургуулийн япон хэлний сургалтын талаарх мэдээлэл хүргэж, сургалтын тухай харилцан мэдээлэл солилцож чадлаа. Мөн японы орчин үеийн соёлын талаар шинэ мэдлэгтэй болж, япон оюутнуудаас олон шинэ зүйлийг сурах боломж бүрдсэн хурал болж өнгөрлөө.
 
Мөн сургалтын үеэр Япон улсын Бүнкёо их сургуулийн профессор багш, оюутнуудыг ШУТИС-ийн Гадаад хэлний институтийн захирал Т.Батбаяр хүлээн авч уулзан, хоёр сургуулийн хамтын ажиллагааны гэрээг 2016 оны 3-р сард дахин сунгах талаар харилцан тохиролцлоо.
 
ГХИ-ийн Ази судлалын тэнхим /Япон хэл/
У.Цэцэгдулам /Ph.D/, Б.Ундармаа

Affiliated schools