link

Элсэн тасархайн сургалтын бааз дахь дадлагын үйл явцтай танилцаад ирлээ
2015-07-08 18:29
ШУТИС, Геологи, Уул Уурхайн сургуулийн Геологийн зураглалын хээрийн дадлагын 1-р ээлж төлөвлөгөө ёсоор 2015 оны 6-р сарын 7-ны өдрөөс “Хөгнө-Тарна” байгалийн цогцолбор газар, Элсэн тасархай дахь сургалтын баазад профессор Д.Чулуун, багш Д.Хишигсүрэн, хичээлийн туслах ажилтан С.Чулуунцэцэг нарын удирдлаганд амжилттай зохион байгуулагдаж байна.
 
Сургалтын баазад хамтран ажилладаг геологийн компаниуд, төгсөгчдийн хандив тусламжтайгаар тохижилтын ажил эхлээд байсан бөгөөд энэ жил Монголын Үйлдвэрлэлийн Геологичдын Холбоо (МҮГХ), “Англо-Американ Девелопмент” ХХК-ний хандиваар нэмэлт тохижилт хийгдэж, оюутнууд тав тухтай орчинд дадлагын ажлаа гүйцэтгэх бүрэн боломжоор хангагдаад байна.
Полигоны тохижилтын үйл явц болон дадлагын ажилтай ШУТИС-ийн ректор Б.Очирбат, Захиргаа, мониторингийн газрын дарга Л.Пүрэв, ГУУС-ийн захирал Б.Чинзориг, эрдэмтэн нарийн бичгийн дарга Л.Түмэнбаяр, Геологи, Гидрогеологийн тэнхимийн эрхлэгч Б.Мөнхцэнгэл, профессор Д.Оюун, ахлах багш О.Мөнхцэцэг нар танилцлаа. Энэхүү албан ёсны үйл ажиллагаанд МҮГХ-г төлөөлж холбооны ерөнхийлөгч Ч.Энх-Амгалан, профессор С.Жаргалан нар оролцож хамтын ажиллагаагаа дүгнэн, цаашид хийж, хэрэгжүүлэх ажлын талаар санал бодлоо солилцлоо.
Сургалтын хээрийн дадлага, хичээлийн хажуугаар цуврал болгон зохион байгуулсан оюутны урлаг, спортын шилдгүүдээ тодруулж, шилжин явах цом гардуулав. Геологийн зураглалын хээрийн дадлагыг геологи, гидрогеологи, ашигт малтмалын эрэл хайгуул, ашигт малтмалын эрэл хайгуулын геофизик мэргэжлээр суралцаж буй 110-150 оюутан 28 хоногийн хугацаанд 2 ээлжээр хийдэг ба ирээдүйн инженерүүдэд зөвхөн хээрийн судалгааны арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэхээс гадна авъяас, хөгжил, хүмүүжилд нь анхаарч ажилладаг онцлогтой юм.
Мөн томилолтын хугацаанд сум, орон нутгийн удирдлагатай уулзаж зөвлөлдөн, хамтран ажиллах гэрээ байгуулахаар тохиролцов.

Affiliated schools