link

ШУТИС-ийн 74 дэх удаагийн төгсөлт боллоо
2015-06-27 00:56


    Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2014/15 оны хичээлийн жилийн хаврын улирлын бакалаврын 74, магистрын 36 дахь удаагийн төгсөлт 2015 оны 6 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд боллоо. Энэ удаагийн төгсөлтөөр магистрын 87 мэргэжлээр 437, бакалаврын 159 мэргэжлээр 2204 үүнээс онцлох дипломтой 104, дипломын зэрэгтэй 60 оюутан төгсөн гарч байна.  
   Төгсөлтийн ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн М.Батчимэг, ШУТИС-ийн Ректор Б.Очирбат, проректор Х.Энхжаргал, Д.Батчулуун, Ч.Баасандаш, Захиргаа, мониторингийн газрын дэд дарга Б.Арвинбаяр, Ахисан түвшний хөтөлбөрийн албаны дарга Т.Энхцацрал болон бүрэлдэхүүн сургуулийн захирал, салбарын эрхлэгч, профессор багш төгсөгч оюутан залуучууд оролцлоо.
 
Монголд анх удаагаа гадаадын их сургуулиудын жишигт ойртуулсан төгсөлтийн баярын арга хэмжээг ШУТИС-ийн захиргаа, Төгсөгчдийн холбоо хамтран амжилттай зохион байгууллаа.
    Төгсөлтийн ёслолын ажиллагааг нээж Ректор Б.Очирбат “Сайн байцгаана уу эрхэм хүндэт төгсөгч, профессор багш, зочид төлөөлөгчдөө. Өнөөдөр манай Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2014-2015 оны хичээлийн жилийн хаврын улирлын төгсөлтийн баярын үйл ажиллагаа болж байна. ШУТИС бол Монгол Улсын тэргүүлэх их сургуулийн нэг юм. Тэртээ 1959 оноос эхлэн Монгол Улсад барилгын инженер мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлсэнээс хойших 56 жилийн хугацаанд бид энэ жил 65 мянга дахь мэргэжилтнээ бэлтгэн гаргаж байна. Манай төгсөгчид Монгол Улсын аж үйлдвэрийн салбарын хүний нөөцийн гол цөмийг бүрдүүлж, улс орныхоо хөгжлийн үе шат бүхэнд эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн. Өнөөдөр ч манай төгсөгчид улс орныхоо аж үйлдвэрийн салбар, их бүтээн байгуулалтад хувь нэмэрээ оруулсаар байна. Манай энэ жилийн төгсөлтийн онцлог бол Монгол Улс даяар өрнөж байгаа их, дээд сургууль, боловсролын салбарын өөрчлөлт шинэчлэлтийн цаг үетэй давхцаж байна. Бид их сургуульдаа өнгөрсөн хоёр жилийн хугацаанд өргөн хүрээтэй өөрчлөлт шинэчлэлтийг хийж их сургуулийнхаа сургалтын хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлэн өөрчлөн шинэчлэх талаар идэвх санаачлагатай, амжилттай ажиллаж байна. Энэ шинэчлэлийн гол зорилго бол манай төгсөгчид зөвхөн мэддэг инженер техникийн мэргэжилтнүүд байхаас гадна хийж чаддаг байх ёстой гэдэгт гол үндсэн зарчим нь хадгалагдаж байгаа.
  Их сургууль, үйлдвэрлэл, бизнесийн байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө, түүний үр ашгийг бодитой бий болгохын төлөө энэ өөрчлөлт шинэчлэлтийг хийж байгаа. Мэдээж хэрэг энэ хамтын ажиллагааг гардан хэрэгжүүлэгчид бол манай их сургуулийн төгсөгчид та бүхэн байх болно. Энэ удаагийн төгсөлтийн арга хэмжээг бид урьд өмнө нь зохион байгуулагдаж байсан төгсөлтийн арга хэмжээнээс агуулга хэлбэрийн хувьд нэлээдгүй өөрчлөн зохион байгуулж байна. Энэ үйл ажиллагааг ийнхүү өөрчлөн зохион байгууллахад манай төгсөгчдийн холбоо бидэнтэй идэвхтэй сайхан хамтран ажилласныг энд тэмдэглэн хэлэхэд таатай байна. Та бүхэн өнөөдөр манай ШУТИС-ийн магистрийн сургалтын хөтөлбөрийг бүрэн дүүргэж, төгсөлтийн ажлаа амжилттай хамгаалж магистрийн зэрэг хүртэн ШУТИС-ийн дипломыг гардан авсанаар манай төгсөгчдийн холбооны гишүүнээр бүрэн эрхтэйгээр элсэж байна. ШУТИС өөрийн нэр хүндийг улам өндөрт өргөж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн их сургууль болох, Азийн шилдэг тэргүүний их сургууль болох зорилтыг өргөн дэвшүүлж ойрын 10 жилийн хугацаанд энэ зорилтдоо хүрэхээр ажиллаж байна. Та бүхэн зөвхөн энэ магистрийн зэрэг хүртсэнээр  та нарын мэдлэг чадвар боловсролын түвшин хязгаарлагдахгүй. Монгол хүмүүс ярьдаг. Эрдэм оюун оройгүй гэж. Та бүхэн өнөөдөр хэдийгээр магистрын зэргийн хөтөлбөрөө дүүргэж энэ зэргийг авсан ч гэсэн цаашдаа ажил амьдралын талбар дээр гараад практик, үйлдвэрлэлээс улам их зүйлийг сурч мэднэ. Мөн дараа дараагийн шатны их дээд сургуулиудад дараагийн зэргээ авахын тулд үргэлжлүүлэн суралцаж болно. Өнөөдөр орчин үеийн хүмүүс зөвхөн нэг мэргэжил, нэг чиглэлээр суралцах нь хангалттай биш болсон байна. Зарим хүмүүс аль хэдийнэ хоёр дахь их сургуулиа төгсөж, олон мэргэжлийг хавсран эзэмшсэнээр амжилттай ажиллах болжээ. Ийм учраас та бүхнийг насан туршдаа суралцаж, өөрийгөө хөгжүүлэгчид байгаасай гэж хүсч байна.  Ийнхүү манай ШУТИС-ийн төгсөгчдөд диплом гардуулж баяр хүргэх ёслолын ажиллагаа албан ёсоор нээгдсэнийг мэдэгдье” хэмээв.
    Мөн төгсөлтийн ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн М.Батчимэг “Та бүхний баяр хөөрийг хуваалцаж, сэтгэл догдлон байгаа энэ мөчид, хорин жилийн өмнө оюутан ахуй цагаа үдэж байсан тэр дурсгалт мөч  сэтгэлд дахин амилж, цаг хугацаа гэдэг ямар үнэ цэнэтэй, бас ямар хурдан өнгөрч оддог зүйл болохыг өөрийн эрхгүй дахин мэдэрч байна.
Эрдэм мэдлэг эзэмшиж, амьдралын шинэ замд хөл тавихаар догдолж зогсоо оюутан залуус та нартаа, тэдэнд оюуны үнэтэй баялагаа өвлүүлж өгсөн эрдэмтэн багш нар, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө бүхнээ зориулж яваа эцэг эхчүүд та бүхэнд баяр хүргэж, улам их амжилтыг хүсэн ерөөе!” хэмээн хүндэтгэлийн илтгэл тавьлаа. /Бүрэн эхээр татаж үзэх/
 
Энэ үеэр шилдэг 3 төгсөгчийг шалгарууллаа. Шилдэг төгсөгчөөр докторын зэрэг хамгаалсан О.Дэмбэрэлсүрэн, магистрын зэрэг хамгаалсан Э.Хувилай, Т.Сарантөгс нар шалгарч Эдийн засаг, нийгмийн хөгжил эрхэлсэн проректор Д.Батчулуун өргөмлөл мөнгөн шагнал гардууллаа.
Ийнхүү доктор, магистрийн зэрэг хүртэж буй төгсөгчиддөө дипломыг нь гардуулан өгч, төгсгөлд нь “Халуун элгэн нутаг” дууг бүгд хамтран дуулсанаар ёслолын ажиллагаа амжилттай өндөрллөө.
 
 

Нийт төгсөгчиддөө баярын мэнд хүргэж цаашдын ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
 

Affiliated schools