link

А.Ганбаяр: Бид богино хугацаанд өндөр мэргэжлийн инженерүүд бэлтгэнэ
2015-06-10 23:34

Дэлхийн II дайны дараа устсан аж үйлдвэр, сүйрсэн хот, тосгодоо босгохын тулд Япон улс богино хугацаанд инженерүүд бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн нь коосэн сургалт байв. Өнгөрсөн жилээс эхлэн Японы коосэн сургалт манай улсад хэрэгжиж эхлээд байна. ШУТИС-ийн харьяа Коосэн технологийн дээд сургуулийн захирал А.Ганбаяртай тус сургуулийн сургалтын талаар ярилцлаа.

-Юуны өмнө сургуулиа товч танилцуулаач. Коосэн гэж яг ямар сургалтыг хэлээд байгаа талаар яриагаа эхлэх үү?

-ШУТИС нь өнгөрсөн жилээс эхлэн Японы коосэн боловсролын тогтолцоог нэвтрүүлж эхэлсэн. Дэд бүтцийн болон томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд манай улсад 33 мянган инженер, технологийн ажилтан шаардлагатай гэсэн тооцоо гарсан байдаг. Энэ боловсон хүчинг дотооддоо ШУТИС дангаараа бэлтгэж байна. Гэсэн хэдий ч жилд дунджаар 3000 орчим инженер, технологийн ажилтан бэлтгэж байна. Тэгэхээр дээрх ажилчдыг бэлтгэхэд доод тал нь 10 жил шаардлагатай байгаа юм.

Коосэн гэдэг нь өндөр мэргэжлийн гэсэн утгатай.  Тэгэхээр богино хугацаанд практик дадлагатай, онолын мэдлэгтэй инженерүүд бэлтгэдэг хөтөлбөрийг коосэн сургалт гэж нэрлээд байгаа юм. Дайны дараа аж үйлдвэр нь устсан япончууд хурдан хугацаанд сэргээхийн тулд энэ сургалтыг нэвтрүүлсэн. 1970-аад оны технологийн өндөр хөгжлийг бэлтгэсэн гол сургууль гэж үздэг. Их сургуультай ижил онол орох ч практик сургалт давамгайлах юм. Коосэн сургалтын нэг онцлог нь онолын хичээлийн цаг хоёр дахин, практик хичээлийн цаг тав дахин их байдагт оршдог. Сурсан зүйлээ заавал амьдрал дээр хийж, бүтээж чаддаг боловсон хүчин болдог. Нөгөө нэг онцлог нь их, дээд сургуульд амьдрал дадлага бага хийснээс ажлын байран дээр гараад хэсэг хугацааны дараа дөрөө олдог бол коосэн төгссөн оюутнууд шууд ажиллах чадвартай болдог.

Японд коосэн сургалттай улсын 51 сургууль байдаг. Эдгээр сургуулийг төгссөн оюутанд 30-40 компани, ажил олгогч ханддаг. Өөрөөр хэлбэл, Коосэн төгссөн инженерүүдийг ажил олгогч нар булаацалдаад авдаг гэсэн үг.

-Өнгөрсөн жил анхны элсэгчдээ авсан. Хэдэн элсэгч авсан бэ. Хөдөө орон нутаг, нийслэл гэж ялгаж авсан уу?

-Анхны элсэлтээ зам барилга, цахилгаан электроник гэсэн хоёр ангид 56 оюутан элсүүлсэн. Өнгөрсөн оны наймдугаар сард сургууль байгуулагдсан учраас нэг сарын дотор элсэлтээ зарлаж оюутан элсүүлсэн. Хөдөө орон нутгаас сонирхож ирсэн оюутнууд бий.

-Энэ жил хэдэн оюутан элсүүлэх төлөвлөгөөтэй байгаа вэ. Мэргэжлийн ангийн тоо нэмэгдэх үү?

-Өнгөрсөн жилийн элсэлт авсан хоёр анги дээрээ механикийн ангид оюутан нэмж элсүүлнэ. ШУТИС нь механикийн чиглэлийн бааз суурь сайтай учраас энэ чиглэлээр түлхүү элсүүлэх сонирхолтой байгаа. Мөн бид энэ жил хавар болон намрын элсэлт гэж авна. Хаврын элсэлт эхэлчихсэн зургадугаар сарын 14 хүртэл бүртгэнэ. Шалгалт зургадугаар сарын 15, 16-нд болно. Намрын элсэлтээ тухайн үед нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлах болно.

-Инженерүүдэд хамгийн гол нь сургалтын бааз чухал гэж сонссон. Үүнийг хэрхэн шийдэж байгаа вэ?

-Сургалтын баазын хувьд Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар хоёр сая ам.долларын тоног төхөөрөмж, лабораторийг өнгөрсөн жил бэлэглэсэн. Мөн технологийн төвийн нарийн судалгаа хийдэг багаж багтсан байгаа. Эдгээр тоног төхөөрөмж, лабораторио 2016 оны эхээр бүрэн суурилуулж дуусна. Хичээлийн байрны хувьд ШУТИС хичээлийн VIII байр гэж шинэ байр барихаар төлөвлөсөн байгаа. Тэр байр ашиглалтад орохоор анги танхимын хүрэлцээ бүрэн шийдэгдэнэ.

-ШУТИС өнгөрсөн жил ахлах сургууль гэж байгуулсан. Тэгэхээр коосэн ахлах сургууль хоёрт ямар ялгаа байна вэ?

-Ахлах сургууль байгуулагдаад хоёр жил болж байна. Энэ сургуулийн хувьд бүрэн дунд боловсрол олгох зорилготой. Манай сургууль бүрэн дунд боловсролоос гадна мэргэжлийн хичээл зааж өндөр мэргэжлийн инженерүүд бэлтгэх сургалт юм. ШУТИС-ийн ахлах сургуульд сурч байгаа хүүхдүүдийг ШУТИС-ийн элсэлтийн шалгалтад бэлдэж байгаа гэж ойлгож болно. Манай сургуулийн төгсөгч шууд инженерээр төгсөнө.

-Танайд орохыг хүссэн оюутнуудад ямар шалгуур тавьж байгаа вэ?

-Инженер болох гэж байгаа хүнд математик, физикийн хичээлийн суурь хамгийн чухал. Тэгэхээр математик, физикийн шалгалт болон эссэ, зохион бичлэг хийлгэнэ. Эссэ бичүүлж байгаа нь сэтгэн бодох чадварыг нь харах зорилготой. Хамгийн гол нь 15 настай элсүүлж байгаа нь онцлогтой. Учир нь хүүхэд 20 нас хүртлээ чөлөөтэй сэтгэх чадвартай байдаг. 20 наснаас хойш элдэв хорио цээр сонссоор байгаад сэтгэх нь хязгаарлагдмал болдог. Тиймээс чөлөөтэй сэтгэж байгаа үед чадварыг нь хөгжүүлэх зорилгоор бага наснаас нь элсүүлдэг юм.

-Коосэнд элссэн оюутан хэдэн жил сурах вэ?

-Нийт таван жил сурна. Эхний гурван жил мэргэжлийн боловсролоос гадна бүрэн дунд боловсрол олгоно. Дөрөвдүгээр дамжаанаасаа нарийн мэргэжлийн хичээлүүдээ үзэж,  практик дадлага хийнэ. Харин тавдугаар дамжаанаасаа судалгаа хийж, дипломын ажил хийж хамгаална. Манай сургууль Японы коосэны агентлагтай шууд хамтын ажиллагааны санамж бичигтэй. Тиймээс цаашид тавдугаар дамжааны оюутнуудыг Японд судалгаа хийлгэж, түүгээр нь дипломыг нь хамгаалуулах зорилготой байгаа.

-Хэрэв танай сургуульд элсэе гэвэл хаана хандаж, яаж бүртгүүлэх вэ?

-ШУТИС-ийн дөрөвдүгээр байрны хойд хаалгаар ороход манай багш, сургалтын менежер хүлээж авч, мэдээлэл өгнө. Мөн 99906803, 91188253, 99867411 гэсэн дугаараас дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.

-Бүртгүүлэхдээ ямар материал бүрдүүлж ирэх вэ?

-Тухайн хүүхдийн хоёр хувь цээж зураг, эцэг, эхийн аль нэгний иргэний үнэмлэх, суурь боловсролын гэрчилгээ, бүртгэлийн 10 мянган төгрөгтэй ирнэ. Гэхдээ бүртгүүлэх гэж байгаа хүүхдийн суурь боловсролын гэрчилгээний дунджийг харж элсүүлнэ. Есдүгээр ангиа 80-аас дээш хувьтай төгссөн бол манай сургуульд элсэх эрх нь нээгдэх юм.

-Төлбөр нь хэд билээ?

-Жилийн гурван сая төгрөгийн төлбөртэй.

-Коосэнд элсэх хүсэлтэй оюутан залууст хандаж юу хэлэх үү?

-Би Японд 10 гаруй жил сурч ажилласан. Коосэн боловсролыг эзэмшсэн. БСШУ-ы сайд Л.Гантөмөр ч мөн адил Коосэн боловсролтой учраас энэ ямар сургалт байдаг, ямар үр өгөөжтэй гэдгийг сайн мэднэ. Японы “Хонда”, “Панасоник” үйлдвэрийг үүсгэн байгуулагчид Коосэн боловсролыг үзэмшсэн байдаг. Мөн “Моннис”-ын Б.Чулуунбаатар мөн энэ сургалтын бүтээгдэхүүн. Тиймээс улс эх орондоо ихийг хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй, техник, технологид сонирхолтой оюутан залуусыг манай сургуульд элсэхийг урьж байна. Улс орны хөгжил иженерүүдийн гараар бүтдэг гэдгийг хэлмээр байна.    

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Э.ОРХОН

 

Affiliated schools