ШУТИС-ийн Шинжлэх Ухаан Технологийн номын сангаас “Дэлхийн номын өдөр”-ийг тохиолдуулан “Азийн орнуудын техник, технологийн номын үзэсгэлэнг” монголд анх удаа зохион байгуулж нээлтээ хийлээ. Тус арга хэмжээ ШУТИС-ийн гадаах задгай талбайд болж ШУТИС-ийн ректор Б.Очирбат, Казакстаны элчин сайдын зөвлөх Рустен Маротович, Бауманы техникийн их сургуулийн хэвлэлийн газрын дарга Азер Алев, Шинжлэх ухаан технологийн номын сангийн захирал Ч.Гулнар болон бусад албаны хүмүүс оролцож нээлтийн тууз хайчилсан юм.


ШУТИС-ийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд энэ жил дэлхийн номын өдрийг тохиолдуулан Монголд анх удаа “Азийн орнуудын техник, технологийн номын үзэсгэлэн”-г 2015 оны 4 дүгээр сарын 22-24-ний зохион байгуулж байна. Үзэсгэлэнд БНХАУ-ын “Хятадын боловсрол, номын экспорт импорт” хэвлэлийн компани, ОХУ-ын “Горная книга”, “Издательство АСВ”, “Издательский ДОМ-МЭИ”, Бауманы техникийн их сургуулийн хэвлэлийн газар, БНСУ-ын Чанвоны үндэсний их сургуулийн номын сангаас ирсэн техник технологи, анагаах ухаан, танин мэдэхүй зэрэг шинжлэх ухааны бүх салбарын шинэ номууд тавигдана. Мөн Япон, Энэтхэг, Казакстаны элчин сайдын яамдууд, Америкийн Монгол судлалын төвийн төлөөлөгчид ном хандивлав. Энэ үеэр гадаах задгай талбайд ШУТИС-ийн брэнд бүтээгдэхүүний худалдаа, нээлттэй булан, профессор багш нарын номын худалдаа, ном хэвлэлийн газруудын номын худалдаа боллоо. Номын худалдаанд “Сод пресс” ХХК, “Непко” ХХК, “Сэлэнгэ пресс” ХХК, “Интер ном”, “Аз хур” номын дэлгүүрүүд бүтээгдэхүүнээ хямдралтай үнээр худалдаж байна.


Шинжлэх Ухаан Технологийн номын сангаас гадаад, дотоодын техник технологийн мэргэжлийн шинэ ном, хэвлэлийг танилцуулж, профессор, багш, оюутан, судлаачдад хүргэх е-ном, веб сайтын үйл ажиллагааг сурталчилах, хэвлэлийн газар болон уншигчдыг холбож өгөх зорилгоор 2010 оноос Дэлхийн номын өдрийг тэмдэглэдэг уламжлал тогтсон аж. Тус арга хэмжээнд дотоод их дээд сургуулиудаас гадна олон улсын номын сан, хэвлэлийн газруудын номын үзэсгэлэн, худалдаа, харилцан туршлага солилцох, хамтран ажиллах гэрээ хийх зэрэг үйл ажиллагаа боллоо.
Мөн “Санка Маркетинг Монголиа” компанийн техник, технологийн танилцуулга, Эрхзүйч, сэтгэл судлаач доктор Б.Батсайхан, доктор М.Дэлгэржав нарын “Сэтгэл судлалын толь бичиг” номын нээлт, хэлэлцүүлэг, Номтой нөхөрлөе клубын тэргүүн Н.Хүлгэний уншигч, оюутнуудтай хийх чөлөөт ярилцлага, Гадаадын их дээд сургуулиудын профессорууд лекц уншлаа.