Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “боловсрол, шинжлэх ухааны байгууллагын удирдлага, зохион байгуулалт, менежментийг олон нийтийн оролцоонд суурилсан, ардчилсан, хараат бус, нээлттэй зарчимд шилжүүлэх”-ээр заасан.
Дээд боловсрол нь шинэ мэдлэг бүтээх, түгээх шинж чанараараа үйл явцын хувьд хараат бус байх, үүнийг эрхлэх байгууллага нь бие даасан байхыг баталгаажуулах талаар дэлхий нийтийн конвенц, тунхаглалын үзэл санаа тусгалаа олох шаардлагатай. Иймд төрөөс дээд боловсролын үйл ажиллагаанд үзүүлэх дэмжлэг, оролцоог тодотгож, улс төрийн ашиг сонирхлоос ангид байлгах баталгааг бүрдүүлэхэд чиглэсэн өөрчлөлтийг холбогдох хуулиудад оруулахаар бэлтгэж байна.
Дээд боловсролын байгууллагын ашгийн төлөө бус, эсхүл ашгийн төлөө статусыг тодорхойлох шалгуур, үүнтэй уялдсан засаглал, өмчлөл, санхүүжилттэй холбогдох харилцааг тодотгон хуульчилна. Учир нь дээд боловсролын байгууллага буяны болон бусад хандивын эх үүсвэрээс дэмжлэг авах, гадаадын их сургууль, эрдэм шинжилгээний болон магадлан итгэмжлэх байгууллагатай харьцахад энэхүү статусыг нотлох шаардлагатай болдог, дотооддоо ч татварын болон бусад хөнгөлөлт үзүүлэх, санхүүжилт, хөрөнгө оруулалт хийхэд энэхүү статусыг албан ёсны болгох шаардлагатай байна.
Ялангуяа дээд боловсролын байгууллагыг өөрчлөн байгуулах, нэгтгэх, татан буулгах тохиолдолд өмчийн холбоотой маргааныг дээрх статустай уялдуулан зохицуулах шаардлагатай. Одоогийн зохицуулалт үүсгэн байгуулагчийг өмчийн байнгын эзэн, бүх шийдвэрийг дангаар болон давуу эрхтэй гаргаж байхаар заасан нь ашгийн бус, хараат бус байгууллагын статустай зөрчилдөж байна.
Дээд боловсролын сургалтын байгууллагын удирдлагыг тухайн сургуулийн бие даасан байдлыг нь хангасан, зорилго, чиг үүрэгт нийцүүлэн дараах байдлаар шинэчилнэ. Үүнд:
- Улсын дээд боловсролын сургалтын байгууллагын Удирдах зөвлөл нь олон нийтийн болон боловсролын байгууллагын төлөөллөөс бүрдсэн байх бөгөөд сургуулийн хэтийн төлөвлөлт, өмч хөрөнгөтэй холбоотой аливаа шийдвэрийг гаргах, захирлыг томилох, чөлөөлөх, огцруулах эрхийг эдэлнэ.
Удирдах зөвлөл нь дараах бүрэлдэхүүнтэй байна:
- Олоннийтийг тѳлѳѳлсѳн хараат бус гишүүд – эдийн засаг, нийгэм, шинжлэх ухаанысалбарт тодорхой хувь нэмэр оруулсан, нэр хүнд, нөлөө бүхий эрдэмтэн, бизнесийн болон олон нийтийн зүтгэлтэн
- тѳгсгѳгчдийн холбооны тэргүүн
- оюутны байгууллагаас дэвшүүлсэн нэг оюутан
- эрдмийн зѳвлѳлѳѳс сонгогдсон нэг багш
- Төрийн төлөөлөл (боловсролын болон сангийн асуудал эрхэлсэн яамнаас томилогдоно)
Дээд боловсролын сургалтын байгууллагын захирлыг судлан шалгаруулах ажлыг зохион байгуулах, захирлыг өөрөө хайж олох үүрэг бүхий Нэр тодруулах хороо ажиллана.
Дээд боловсролын засаглал, удирдлагын тогтолцоог боловсронгуй болгосноор дараах эерэг үр дагавар гарна:
- Дээд боловсролын салбарын удирдлага, тухайн сургалтын байгууллагын өөрийн удирдлага сайжирна.
- Дээд боловсролын сургалтын байгууллагын бие даасан байдал баталгаажиж, бүтээлч чанар, өрсөлдөх чадвараа сайжруулахын төлөө хүлээх хариуцлага тодорхой болно.
Эрхэм хүндэт БАГШ та саналаа өгнө үү.