ШУТИС-ийн магистрант, докторантуудын сургалт, судалгааны ажлын түвшин тогтоох сарын ажлын хүрээнд уул уурхайн салбарынхан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Профессор Я.Гомбосүрэнгийн эрдэм шинжилгээний уншлага" эрдэм шинжилгээний бага хурал 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж шилдэг докторант, магистрантуудаа шалгаруулав.

Нэгдүгээр байр дэд профессор Б.Алтантуяагийн удирдсан докторант Б.Батбаяр "Баяжуулалтын реологийн судалгааны үр дүнг нэг загварт оруулан зутангийн тээрмийн энергийг оновчлох нь", магистрант Ц.Анх-Од "Таван Толгойн коксжих нүүрсний судалгаа", хоёрдугаар байр Ө.Ган-Од, М.Дагва нарын удирдсан магистрант М.Хишигсүрэн "Төмрийн хүдрийн ордын геологийн блок моделийг төлөвлөлтийн блок модельд хөрвүүлэх нь", гуравдугаар байр дэд профессор К.Хавалболатын удирдсан магистрант Б.Гантулга "Уул уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдлын мэдээллийн баазыг боловсронгуй болгох" сэдэв тус тус шалгарлаа. Хуралд ШУТИС-ийн ГУУС-ийн захирал Б.Чинзориг, дэд захирал Н.Буянхишиг, УУТ-н эрхлэгч К.Хавалболат, профессор Я.Гомбосүрэн болон салбарын бусад эрдэмтэд, магистрант, докторантууд оролцлоо.

ГУУС-ийн захирал Б.Чинзориг хурлыг нээн "... энэхүү хуралд оролцогч магистрант, докторантуудын тоо, судалгааны ажлын чанар, цар хүрээ жил бүр өргөжин сайжирч байгаа нь ирээдүйн судлаачид болсон та бүхний ажлын үр дүн, илтгэлээс тодорхой харагдаж байна ..." гэж хэлсэн нь профессор Я.Гомбосүрэнгийн уншлага, эрдэм шинжилгээний хурлын ач холбогдол тодорхой харагдаж байна.