link

ABU Robocon 2014 олон улсын тэмцээнд шагнал хүртлээ.
2014-09-08 19:43
Японы NHK телевизийн санаачлагаар японы мэргэжлийн их дээд сургуулиудын дунд зохион байгуулагдаж эхэлсэн уг тэмцээн нь өнөөдөр нэгэнт олон улсын тэмцээн болон өргөжсөөр байгаа бөгөөд одоогийн байдлаар Ази –Номхон далайн бүс нутгийн 17 орон оролцож байна.
Тэмцээний гол зорилго нь мэргэжлийн буюу техникийн их, дээд сургуулиудын оюутан залуусын зохион бүтээх сэтгэлгээ, авьяас чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн байдаг. Жил бүрийн тэмцээний даалгавар өөр хоорондоо ялгаатай байдаг бөгөөд дараа жилийн тэмцээний даалгаварыг, тухайн жилийн тэмцээний дараагаар  зохион байгуулах хорооныхон урьдчилан гаргаж өгдөг. Тухайн улс орны сургуулиуд даалгаварын дагуу машинуудаа зохион бүтээж өөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцдог ба эндээс шалгарсан нь олон улсын тэмцээнд улсаа төлөөлж ордог.
Энэ жилийн тэмцээний дүрэм нь “Эх эцэгээ ачлан хүндлэх” сэдэвээр 3 минутын хугацаанд олгогдсон 4 тоглоомыг түрүүлж гүйцэтгэн дуусгаж бүрэн хожил хийхэд нилээд хэцүү, хүнд даалгавартай байсан. (Тус сургууль нь 2002 онд анх удаагаа зохион байгуулагдсан Монголын Робокон тэмцээнд орж байсан анхдагчуудын нэг бөгөөд жил бүр амжилттай оролцож 2006, 2011,2014  онд тэргүүн байр, 4 удаа 2-р байр, 4 удаа 3,4-р байр эзэлж байснаас гадна монголын робокон тэмцээний анхны цэвэр хожлыг 2004 онд тус сургуулийн “ELBA” баг хийж байсан түүхтэй юм байна.)
 
Ийнхүү Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудын дунд зохион  байгуулагдсан “ABU Robocn 2014” олон улсын тэмцээнд оролцохоор үндэсний роботын аварга болсон ШУТИС-МХТСургуулийн  “Telecom Mongolia”  баг 2014 оны 8 р сарын 20  нд Энэтхэг улсыг зорьсон билээ.
 
Тус тэмцээнд нийт 17 орны 18 баг  6 зонд хуваагдаж өрсөлдсөн бөгөөд манай багийн хувьд  B зонд Япон,Солонгосын багтай сугалаа таарсан. Зооны эхний тоглолтонд  Монголын баг Солонгосын багийг 30 : 18 ийн харьцаатайгаар хожсон. Үүний дараа Японы багийг 28 : -4 ийн харьцаатайгаар хожиж зоноосоо 1-р байраар гарч шөвгийн 8 багт шалгарч чадлаа. Шөвгийн 4 баг шалгаруулах тоглолтонд Монголын баг Тайландын багтаа оноолт таарч цэвэр хожигдон Тайландын баг шөвгийн 4 багт шалгарсан. ABU Robocon 2014 тэмцээний ялагчаар Вьетнам-ын баг шалгарсан бөгөөд олон улсын тэмцээнд 4 дахь удаагаа түрүүлж байгаа билээ.
 
Тэмцээний дараа  олон улсын тэмцээнд оролцсон багуудын дунд туршлага солилцох хурал болж шилдэг 8 баг бусад багууддаа өөрийн туршлагаасаа хуваалцдаг уламжлалтай. Япон болон  Вьетнамын багийн роботын программчлал  болон үйлдэл гүйцэтгэх хурд нь бусад багуудаас илүү байсан. Мөн Тайланд болон Японы багийн роботууд камер ашиглан дүрсийн боловсруулалт хийж үйлдлээ гүйцэтгэж байсан нь бусад багуудаас илүү алдаа багатай ажиллах нөхцлийг бүрдүүлж өгч байсан. Энэ хурлийн төгсгөлд 2015 онд олон улсын тэмцээнийг зохион байгуулах эрхийг Индонези улс авсан бөгөөд 2015 онд зохиогдох тэмцээний дүрмийг танилцуулсан.
 
 
Тус баг нь тусгай байр буюу Mabuchi Motor компаний нэрэмжит шагналыг хүртсэн.
“Telecom Mongolia" багийн хамт олон болон удирдсан МХТС-ийн дэд профессор Ц.Хүрэлбаатар, сургалтын инженер Б.Энхбат нарт ШУТИС-ийн хамт олны өмнөөс халуун баяр хүргэж энэхүү амжилтаа улам ахиулан олон улсын аварга болохыг хүсэн ерөөе!
Эрдэм шинжилгээний алба

Affiliated schools