link

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БОЛОН ЕРӨНХИЙ САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГТ МАТЕРИАЛАА БҮРДҮҮЛЖ ӨГНӨ ҮҮ.
2013-09-13 23:04 Админ

Онцгой авьяас, чадварыг хөгжүүлэх, урамшуулан дэмжих зорилгоор сурлага, спорт, урлагийн онцгой амжилт гаргасан дотоодын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвд суралцагчдад Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийг Засгийн газрын 2008 оны 46 тогтоолоор батлагдсан журмын дагуу олгодог.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт гурваас доошгүй голч дүнтэй суралцаж байгаа дараахь болзолыг хангасан суралцагч нэр дэвшинэ.

  • Техник, технологийн чиглэлээр зохион байгуулагдсан дэлхий, тив болон олон улсын уралдаан, тэмцээнд эхний гурван байрын аль нэгийг эзэлсэн;
  • Дэлхийн оюутны спортын их наадам, Дэлхийн болон тивийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд тус тус эхний гурван байрын аль нэгийг эзэлсэн, Монголын Оюутны спортын их наадам, Монголын Оюутны аварга шалгаруулах тэмцээнд тус тус тэргүүн байр эзэлсэн;
  • Сургуулиудийн нэгдсэн эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьж, эхний гурван байрын аль нэгийг эзэлсэн оюутан, мэргэжлийн сэтгүүлд  хоёроос эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлсэн, олон улсын эрдэм шинжилгээний хуралд шалгарч элсэлт тавьсан, улс орны хөгжилд үр нөлөө үзүүлэхүйц судалгаа шинжилгээний бүтээл туурвисан магистрант, докторант;
  • Олон улсны хэмжээний мэргэжлийн соёл урлагийн уралдаан, наадамд эхний гурван байрын аль нэгийг эзэлсэн, улсын хэмжээний мэргэжлийн соёл, урлагийн их наадам, уралдаан, тэмцээнд тэргүүн байр эзэлсэн суралцагч.

Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт Монгол Улсын тэргүүлэх ач холбогдол бүхий салбарын мэргэжлийн чиглэлээр 4 улирал дараалан 3.8-аас доошгүй голч дүнтэй суралцсан, олон нийтийн ажилд идэвхи санаачлагатай оролцдог, хамт олныхоо дунд нэр хүндтэй, сургуулийнхаа шилдэг оюутнаар шалгарсан суралцагч нэр дэвшинэ.

Бүрдүүлэх материал

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт нэр дэвшигчийн мэдүүлэг /загварын дагуу/
  • Сургалтын албаар баталгаажуулсан сурлагын болон голч дүнгийн тодорхойлолт;
  • Медаль, шагнал, өргөмжлөл, гэрчилгээний болон тухайн арга хэмжээг зохион байгуулсан байгууллагын шийдвэрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, монгол хэл рүү хөрвүүлсэн албан ёсны орчуулга;
  • Сургуулийн захиргаа болон оюутны холбооны тодорхойлолт.

Сургалтын алба, багш, оюутны байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулан нэр дэвшигчдийн бичиг баримтыг нэг бүрчлэн шалгаж, хүн тус бүр дээр дүгнэлт гаргана.

Дээрхи болзол хангасан оюутнууд 2013 оны 09 дүгээр сарын 18-ны дотор Оюутны хөгжил, үйлчилгээний албанд материалаа бүрдүүлж өгнө үү.

ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА

Affiliated schools