link

ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛНА
2013-05-21 03:28 Админ

Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу ОХУ-ын Засгийн газраас 2013-2014 оны хичээлийн жилд манай улсад нийт 220 тэтгэлэг олгосон бөгөөд ОХУ-ын их, дээд сургуульд суралцахыг хүсэж байгаа Монгол Улсын иргэдийг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.Бакалаврын түвшинд байгалийн ухаан, инженер технологийн чиглэлээр нийт 100 /үүнээс төмөр зам 30, цөмийн эрчим хүч 10/, анагаах ухааны чиглэлээр 10,  хөдөө аж ахуйн чиглэлээр 10, эдийн засаг, менежментийн чиглэлээр 10, боловсролын чиглэлээр 10, биеийн тамирын чиглэлээр 5, нийгмийн ухааны бусад чиглэлээр 20 оюутан сонгон шалгаруулна.

Мөн түүнчлэн соёл, урлагийн чиглэлээр 10 оюутан суралцуулах бөгөөд сонгон шалгаруулалтыг Соёл, спорт, аялал жуулчлаын яам жич зохион байгуулна.  Орос хэлний олимпиадад амжилттай оролцож ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах эрхээр шагнагдсан 10 хүн сонгон шалгаруулалтад оролцохгүйгээр нэр дэвшинэ. Магистрантурт 10, аспирантур, докторантурт 20 хүнийг сонгон шалгаруулах бөгөөд ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах боломжтой бүх мэргэжлээр суралцуулна.

Мэргэжил дээшлүүлэгч 5 хүнийг Оросын талтай тохиролцсоны дагуу шууд нэр дэвшүүлнэ.  Тэтгэлгийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны яамны вэб хуудасны www.russia.edu.ru/enter/2013 гэсэн хэсгээс авах, мөн БШУЯ-ны Олон нийттэй харилцах алба /утас:12-09, е-шуудан: info@mecs.gov.mn/-наас лавлах боломжтой.

Тэтгэлэгт хамрагдагчдад тавигдах шаардлага

1/ Бакалавр оюутан нь:
-       Монголын Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3,0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа, ЕБС-ийг суралцахыг хүсэж байгаа мэргэжлийн суурь хичээлүүдэд "А", "В" үнэлгээтэй төгссөн, 
-       ОХУ-ын их, дээд сургуулийн бэлтгэл ангид амжилттай суралцаж байгаа болон онц, сайн дүнтэй  төгссөн, ЕБС-ийг суралцахыг хүсэж байгаа мэргэжлийн суурь хичээлүүдэд "А", "В" үнэлгээтэй төгссөн,
-       Монгол Улсын орос хэлний гүнзгийрүүлсэн сургалтай болон ОХУ-тай хамтарсан ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангид 80 ба түүнээс дээш хувийн амжилттай суралцаж байгаа,
-       ОХУ-ын их, дээд сургуулийн салбар сургуулийн орос хэлний бэлтгэл ангид суралцаж байгаа болон ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны харъяа 14-р сургуулийн төгсөх ангид суралцагч зэрэг 25 хүртэлх насны;

2/ Магистрант нь:
-       Магистрант нь бакалаврын зэрэгтэй, бакалаврын дипломын голч дүн нь 3,0-аас доошгүй, мэргэжлийн үндсэн хичээлүүдэд "А", "В" үнэлгээтэй, 35 хүртэлх насны,

3/ Аспирант нь:
-       Аспирант нь магистрын зэрэгтэй, магистрын дипломын голч дүн нь 3,0-аас доошгүй, мэргэжлийн үндсэн хичээлүүдэд "А", "В" үнэлгээтэй, эрдэм шинжилгээний ажлын туршлагатай 45 хүртэлх насны;

4/ Докторант нь:
-       Докторант нь доктор / Ph.D/-ын зэрэгтэй, эрдэм шинжилгээний ажлын туршлагатай байх.
 
Өмнө нь ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байсан болон одоогоор Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу гадаадын аль нэг оронд суралцуулах сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн орны Засгийн газрын тэтгэлэгт нэр дэвшсэн бол энэхүү тэтгэлэгт хамрагдах боломжгүй.

Бүртгэл
Монголын Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн суралцагч нь өөрийн суралцаж буй мэргэжлийн чиглэлээр сургуульдаа бүртгүүлнэ. Тухайн сургууль нь шаардлага хангасан оюутныг зохих журмын дагуу бүртгэж, бүртгэлийг шалгалтын хураамжийн хамт сургуулийн захирлын албан бичгээр 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдөр БШУЯ-ны Дээд боловсролын хэлтэст ирүүлнэ үү.
Төмөр замын болон цөмийн эрчим хүчний чиглэлээр суралцахыг хүсэгчдийн бүртгэл тусдаа хийгдэх тул БШУЯ-нд хандаж тодруулна уу.

Тэтгэлэгт хамрагдагчдад тавих шаардлагыг хангаагүй болон бичиг баримтаа бүрдүүлээгүй иргэнийг бүртгэхгүй болохыг анхаарна уу.

Сонгон шалгаруулалт
Бакалавр болон магистрын сонгон шалгаруулалт нь мэргэжлийн шалгалт ба орос хэлний шалгалт гэсэн хоёр үе шаттай байна. Суралцах мэргэжлийн чиглэлээс хамаарч мэргэжлийн шалгалтыг "математик", "хими", "нийгмийн тухай мэдлэг" гэсэн хичээлүүдийн аль нэгээр өгнө. 

Шалгалтыг МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 2, 3 дугаар давхарын уншлагын танхимуудад зохион байгуулна. Шаардлага гарвал шалгалт авах нэмэлт байр гаргаж, шалгалтын үеэр жич зарлана. Иргэний үнэмлэхгүй хүнийг шалгалтад оруулахгүй.

Математикийн шалгалтыг 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 10.00 цагт авч, дүнг дараа өдрийн 18.00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны зарлалын самбарт байрлуулна. Хими, нийгмийн тухай мэдлэгийн шалгалтыг 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 10.00 цагт авч, дүнг дараа өдрийн 18.00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны зарлалын самбарт байрлуулна. Мэргэжлийн шалгалтад 60 ба түүнээс дээш оноо авсан хүмүүс орос хэлний шалгалт өгнө. Орос хэлний шалгалтыг 2013 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 15.00 цагт авч, дүнг дараа өдрийн 18.00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны зарлалын самбарт байрлуулна.

Мэргэжлийн чиглэл тус бүрээр мэргэжлийн болон орос хэлний шалгалт тус бүрд 60 хувиас дээш оноо авсан шалгуулагчийн 2 шалгалтын нийлбэр онооны дарааллаар жагсааж, тухайн мэргэжлийн чиглэлээр зарлагдсан хяналтын тоонд багтсан оролцогчдыг Засгийн газрын тэтгэлгээр суралцуулахаар сонгоно.

Бичгэн шалгалтад амжилттай дүн үзүүлж, тэтгэлэгт нэр дэвших болзол хангасан хүмүүсийн нэрс, орос хэлний ярилцлагын цагийн хуваарь болон мэргэжил сонгох хуваарийг 2013 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 18.00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны зарлалын самбарт зарлана. Ярилцлагыг ОХУ-ын ЭСЯ болон Монгол Улсын БШУЯ хамтран зохион байгуулна.

Тэтгэлэгт нэр дэвшүүлэх
БШУЯ сонгон шалгаруулалтад амжилттай дүн үзүүлсэн иргэдийг ОХУ-ын их, дээд сургуульд суралцуулахаар нэр дэвшүүлнэ. ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны яам тэтгэлэгт нэр дэвшигчдийг хүлээн авч суралцуулах, эсэх эцсийн шийдвэрийг гаргана. Оросын тал ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгтэйгээр суралцах иргэдийг ОХУ-ын их, дээд сургуульд мэргэжлийн дагуу хуваарилна. ОХУ-ын Засгийн газраас тэтгэлэгт хамрагдагчдын сургалтын төлбөрийг хариуцах ба суралцагчдад амьжиргааны тэтгэлэг олгоно. Суралцагч нь замын зардал, эрүүл мэндийн даатгал, дотуур байрны төлбөрийг өөрөө хариуцна.

ЖИЧ: Зөвхөн бакалаврын оюутнуудыг ГХХАГ-ын 218 тоотод бүртгэнэ. Бүртгүүлэхээр ирэх бакалаврын оюутнууд өөрийн суралцаж буй  сургуулийн тодорхойлолт, дүнгийн хуудас, иргэний үнэмлэхний хуулбар (нотариатаар баталгаажуулсан байх), бүртгэлийн хураамж 5000бүрдүүлж 2013 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн дотор ирж бүртгүүлнэ үү.

 

Гадаад Харилцаа, Хамтын Ажиллагааны Газар

Affiliated schools