link

Цахилгаан хөдөлгүүртэй 6 автомашин хүлээн авлаа
2014-03-28 23:51 Админ

ШУТИС-иас Монгол орны нөхцөлд байгальд орчинд ээлтэй бүрэн цахилгаан автомашины ашиглалтын нөхцөлийг судлах, түүнтэй холбоотой дэлхийн шилдэг техник технологийг судалж эх орондоо нутагшуулах, зарим эрх зүйн акт, зөвлөмж, стандартыг бий болгох чиглэлээр судалгааны ажлыг хийж эхлээд байна. Энэ ажлын хүрээнд “Монгол орны нөхцөлд цахилгаан автомашины техникийн нөхцлийн туршилт, судалгаа” төсөл хэрэгжиж өнөөдөр ШУТИС-д бүрэн цахилгаан 6 автомашин хүлээн авлаа.

 

Ёслолын арга хэмжээ ШУТИС-ийн гаднах задгай талбайд болж Зам тээврийн яамны төрийн нарын бичиг Б.Батзаяа, БНСУ-ын КОЙКА байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Чой, Хын-Ёл, ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн дарга Д.Одхүү, ШУТИС-ийн ректор Б.Очирбат, тэргүүн проректор Д.Батчулуун, Механик инженерийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар болон бусад эрдэмтэн багш нар оролцлоо. ШУТИС-ийн Механик инженерийн сургууль болон БНСУ-ын КОЙКА байгууллагатай хамтран энэхүү төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд, судалгаа хийх зорилгоор эдгээр машиныг ашиглана.

 

Судалгааны үр дүнд бүрэн цахилгаан авто машиныг Монгол орны нөхцөлд ашиглаж болох, ямар бэрхшээл тулгарах, нөхцөлд байдалд хэрхэн зохицуулах, юуг анхаарах зэргийг тогтоохоос гадна цаашид энэ төрлийн авто машины угсралт, үйлдвэрлэлийг Монголд хөгжүүлэх боломжийг эрэлхийлэх юм. Эдгээр машин нь АНУ-ын Vantage Vehicle компанид үйлдвэрлэсэн Vantage маркийн байгаль орчинд 100 хувь хоргүй, бүрэн цахилгаан автомашин юм. Дээрх машинууд болон мульти тестерийн багажийг КОЙКА болон ШУТИС-ийн МИС хамтын хөрөнгө оруулалтаар оруулж иржээ. Тус цахилгаан машин 220в-д 4-6 цаг цэнэглээд 100 км хүртэл явах боломжтой. Машины дээд хурд нь 40-50 км/цаг юм.

 


 

 

Affiliated schools