link

Шинжлэх ухаан, технологийн ахлах сургууль Физик, химийн электрон лаборатортой боллоо
2013-11-20 01:49 Админ

Шинжлэх Ухаан, Технологийн Их сургуулийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн “MUST-SICT solution гарааны компани 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Физик, химийн электрон лабораторийн тоног төхөөрөмжийг ахлах сургуулийнханд хүлээлгэн өглөө. Тус лаборатори нь ахлах сургуулийн физикийн хичээлийн агуулгыг бүрэн хангасан, туршилт судалгаа хийх боломжтой 12 төрлийн  туршилтын ажил хийх төхөөрөмжтэй. Лабораторийн электрон тоног төхөөрөмж, програм хангамжийг ШУТИС-ийн МХТС, МТС-ийн профессор багш, судлаачид Технологийн сангийн төслийн хүрээнд зохион бүтээсэн бөгөөд Шинжлэх ухаан, технологийн ахлах сургууль нь монголдоо анх удаа Физик, химийн электрон лабораторитой боллоо. Энэ тухай тодруулахаар Эдийн засаг, хөгжлийн тэргүүн проректор Д.Батчулуунтай ярилцлаа.

-Шинжлэх ухаан, технологийн ахлах сургууль Физик, химийн электрон лабораторитой болж байна. Лабораторийн тухай танилцуулаач?

-Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн “MUST-SICT solution” гарааны компанийн баг хамт олон электроник, програм хагамж, туршилтын төхөөрөмжийн үйлдвэрлэлийг гардан хийж гүйцэтгэсэн Физик, химийн электрон лабораторийн эхний хэсгийг ШУТИС-ийн ахлах сургуулийн сурагчдад хүлээлгэн өгч байна. Тус лабораторт 12 төрлийн туршилтын ажил хийх бололцоотой тоног төхөөрөмжүүд тавигдлаа. Тус лабораторийн гол онцлог нь орчин үеийн мэдээллийн технологийн хөгжилийг ашиглан хуучин хэмжиж байсан хүч, хурд, хугацаа хэмжих туршилтууд нь бүгд ухаалаг болж туршилтын үр дүн зөөврийн болон суурин компьютерүүдэд шууд гарч байна. Энэ нь суралцагчдад цаг хугацаа хэмнэх, суралцах таатай нөхцөлийг бүрдүүлж өгнө.  

-“MUST-SICT solution гарааны компанийн баг дээрх лабораторийн тоног төрөөхөмж програм хамгамжийг хийж гүйцэтгэсэн гэлээ. Тус компани цаашдаа ямар төрлийн туршилтын тоног төхөөрөмж  гаргах вэ?

-“MUST-SICT solution” гарааны компани ерөнхий боловсролын сургуулийн стандартыг хангасан физик, химийн 20 гаруй төрлийн туршилтийн төхөөрөмж сургалтанд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Одоогийн байдлаар 12 төхөөрөмж сургалтанд ашиглагдахад бэлэн болсон. Үлдсэн нь судалгаа, хөгжүүлэлтийн шатандаа явж байна. Одоо Ерөнхий боловсролын сургуулиудын физик химийн хичээлд хэрэглэж байгаа туршилтын тоног төхөөрөмжүүд нь ажилдаггүй, гадаад хэлээр, туршилтын үр дүн нь удаан гардаг гээд маш олон асуудал байдаг. Цаашдаа ерөнхий боловсролын сургуулиудын физик, химийн лабораториудыг Ухаалаг лаборатори болгох зайлшгүй шаардлагатай байна. Манай Физик, химийн электрон лаборатори энэ бүх асуудлыг бүрэн шийдсэн.

Мөн зарим зүйлийг тодруулахаар Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Б.Сүхбаттай ярилцлаа.

 -Лабораторийн  онцлог болон давуу тал?

- Хуучны физикийн лабораторуудыг бодвол тоног төхөөрөмж нь авсаархан болсон. Хэмжүүрийн электрон систем нь өндөр нарийвчлалтайгаар, олон  давталттайгаар, хэмжилтийн утгыг авах бололцоотой. Хэмжилтийг үр дүнг олон хэлбэрээр илэрхийлэх боломжтой болсноор физик процессыг шууд ажиглаж, дүгнэлт хийх зэрэг олон талын ач холбогдолтой. Тус лабораторид 12 төрлийн туршилт хийх тоног төхөөрөмж тус бүр тав таван ширхэг тавигдсан байгаа. Туршилтын төхөөрөмж олон тавигдсанаар суралцаж байгаа хүүхэд бүрт хүрэлцээтэй болж өөрийн гараар туршилт хийж үзэх боломжтой болно.

-Тус лабораторт ямар ажил хийж болох вэ?

-Хэмжилтийг үр дүнг олон хэлбэрээр илэрхийлэх боломжтой болсноор физик процессыг шууд ажиглаж, дүгнэлт хийх зэрэг олон талын ач холбогдолтой. Орчин үед электроник, мэдээллийн дэвшилтэт технологиудыг ашиглан аливаа судалгаа, туршилтын үр дүнг боловсруулах, дурын хэлбэрээр мэдээллийг дүрслэх, тайлагнах боломжтой болсон. Дэлхийн сургалт судалгааны чиг хандлага, технологийг Шинжлэх Ухаан, Технологийн Их сургуулийн профессор багш, оюутнууд хэрэгжүүлж чадна гэдгийн нэг жишээ нь уг физик, химийн  лаборатори болно.

-Лабораторийн тоног төхөөрөмжийг багш, сурагчид ашиглахад хүндрэл гарах уу?

-Бүх зүйл нь энгийн байдлаар хийгдсэн. Монгол хэл дээрх програм хангамжтай учираас ашиглахад ямар нэгэн хүндрэл гарахгүй.


ТГ

Affiliated schools