link
Монгол Улсын Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан Шинжлэх ухаан, технологийн их сургууль багш, судлаачдын эрдэм шинжилгээ, судалгаа, инновацын ажлын үр дүн, шилдэг бүтээл, шинэ технологийг олон нийтэд танилцуулах, алдаршуулах “2IP-2026” хүндэтгэлийн арга хэмжээг 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Галлерай Улаанбаатар төвд зохион байгууллаа.
Арга хэмжээнд их сургуулийн удирдлагууд, эрдэмтэн, багш, судлаачид, хамтран ажиллагч байгууллагын төлөөлөл оролцов. ШУТИС-ийн проректор Д.Цолмонбаатар “Нээлттэй шинжлэх ухаан ба инновац” сэдвээр илтгэл тавилаа.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү арга хэмжээ нь “ШУТИС-2030” хөгжлийн стратегийн хоёр болон гуравдугаар зорилтыг дэмжих, эрдэм шинжилгээний бүтээлийн чанар, үр нөлөөг нэмэгдүүлэх, судалгаа, инновацын үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах, шинжлэх ухаан, аж үйлдвэрийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн бодлогын үйл ажиллагаа юм.

“Publish to the World | Innovate for Mongolia!” буюу “Дэлхийн хэмжээнд судалж, эх орныхоо хөгжлийн төлөө хэрэгжүүлье!” уриатай энэ удаагийн арга хэмжээний хүрээнд багш, судлаачдын олон улсын түвшинд хэвлүүлсэн эрдэм шинжилгээний бүтээл, шинэ технологи, оюуны өмч, зохион бүтээлт, инновацын шийдлүүдийг танилцуулж, шилдэг судлаач, бүтээлүүдийг шалгаруулан ШУТИС-ийн багш, судлаачдын нэр хүнд, эрдэм судлалын амжилтын илэрхийлэл болсон “Research Excellence” хүндэтгэлийн медалион гардууллаа.
Олон улсын түвшинд үнэлэгдсэн шилдэг судлаачид
2025 онд ШУТИС-ийн 12 бүрэлдэхүүн сургууль болон харьяа эрдэм шинжилгээний хүрээлэн, төвийн багш, судлаачид тус их сургуулийн нэрээр олон улсын Scopus мэдээллийн санд бүртгэлтэй 157, Web of Science (WoS) мэдээллийн санд бүртгэлтэй 26 эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлсэн байна.
Арга хэмжээний үеэр олон улсын түвшинд судалгааны үр дүнгээ хэвлүүлсэн болон шинэ санаа, зохион бүтээлт, патентаараа оролцсон багш, судлаачдад батламж гардуулж, судалгааны үр дүн, бүтээлийн тоо, эшлэлийн үзүүлэлт, инновацын шийдлээрээ тэргүүлсэн 12 номинац, бүтээлийг “Research Excellence” хүндэтгэлийн медалионоор алдаршуулав.
Олон улсын эрдэм шинжилгээний бүтээлийн үзүүлэлтээр дараах багш, судлаачид шилдгээр шалгарлаа.
Хамгийн олон бүтээл хэвлүүлсэн нэгдүгээр зохиогч (First Author) – ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн дэд профессор, доктор У.Эрдэнэболд. Тэрээр 2025 онд гурван бүтээлийг нэгдүгээр зохиогчоор хэвлүүлсэн бөгөөд өмнөх жил мөн энэ төрөлд шалгарч байжээ.

Хамгийн олон бүтээл хэвлүүлсэн холбоо барих зохиогч (Corresponding Author) – Ахисан түвшний сургуулийн захирал, доктор, профессор И.Цэрэн-Онолт.

Хамгийн олон бүтээл хэвлүүлсэн хамтран зохиогч (Co-author) – Геологи, уул уурхайн сургуулийн профессор, доктор Б.Чинзориг. Тэрээр 2025 онд нийт таван бүтээлийн хамтран зохиогчоор ажилласан байна.
Хамгийн их эшлэгдсэн бүтээлийн нэгдүгээр зохиогч – Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн дэд профессор, доктор Н.Анхбаяр. Түүний судалгааны бүтээл 2025 оны байдлаар 22 удаа эшлэгджээ.
Хамгийн их эшлэгдсэн бүтээлийн холбоо барих зохиогч – Механик инженер, тээврийн сургуулийн профессор, доктор Х.Батбаяр.
Хамгийн их эшлэгдсэн бүтээлийн хамтран зохиогч – Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор А.Алтангэрэл. Тэрээр БНХАУ-ын Хохай их сургуулийн судлаачидтай хамтран олон хүчин зүйл зэрэг өөрчлөгддөг өгөгдөлд үндэслэн ирээдүйн төлөвийг илүү нарийвчлалтай таамаглах шинэ арга боловсруулжээ. Цаг агаар, эрчим хүч, санхүүгийн салбарын төлөвлөлтөд ашиглах боломжтой энэхүү судалгааны бүтээл 32 удаа эшлэгдсэн байна.
Хөнгөн үйлдвэрлэл, судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн нэрэмжит “Шилдэг залуу судлаач” – Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн Электроникийн тэнхимийн багш Г.Ууганчимэг.
Түүний судалгаа нь КОЙКА-гийн “Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд БНСУ-ын Санмён их сургуулийн судлаачидтай хамтран хэрэгжүүлсэн судалгааны үр дүн юм. Судалгааны баг тархины MRI зургаас хавдрыг миллисекундын түвшинд, 97 гаруй хувийн нарийвчлалтай таних хиймэл оюунд суурилсан систем боловсруулсан бөгөөд эмч нарын оношилгоонд дэмжлэг үзүүлэх боломжтой юм.
Г.Ууганчимэг багш гадаадад суралцаж байгаа тул хүндэтгэлийн медалионыг хамтран зохиогч Ц.Сугир, Х.Загарзүсэм, Б.Дорж нар хүлээн авлаа.
Шилдэг оюуны өмч, шинэ санаа, зохион бүтээлт
“2IP-2026” арга хэмжээний хүрээнд багш, судлаачдын бүтээлч санаачилгыг дэмжих, судалгааны үр дүнг инновацын бүтээгдэхүүн, технологи болгон хөгжүүлэх зорилготой “Шилдэг оюуны өмч”, “Шилдэг санаа, зохион бүтээлт” шалгаруулалтыг зохион байгууллаа.
Энэ жилийн шалгаруулалтад есөн бүрэлдэхүүн сургууль, нэг эрдэм шинжилгээний хүрээлэнгийн нийт 31 бүтээл оролцсоноос “Шилдэг оюуны өмч” төрөлд найм, “Шилдэг санаа, зохион бүтээлт” төрөлд 23 бүтээл өрсөлдөж, нийт таван шилдэг бүтээлийг шалгаруулан алдаршуулав.
Шилдэг патент – “Хаягдлаас хөөсөн керамик” бүлэг патент
Геологи, уул уурхайн сургуулийн профессор, доктор Б.Чинзориг, ахмад багш, доктор, профессор Д.Сүнжидмаа нар.
Энэхүү бүтээл нь Монгол, Хятадын хамтарсан төслийн хүрээнд Уханийн технологийн их сургууль болон ШУТИС-ийн хамтран хэрэгжүүлсэн судалгааны үр дүн бөгөөд БНХАУ-д хоёр, Монгол Улсад нэг, нийт гурван патентаар хамгаалагдсан байна. Баяжуулах үйлдвэрийн хаягдлыг дахин боловсруулж, шинэ төрлийн материал үйлдвэрлэх боломжийг бүрдүүлж буйгаараа байгаль орчин, эдийн засгийн ач холбогдолтой юм.
Шилдэг патент – Газрын 3D лазер сканнерын хэмжилтийн арга зүй
Геологи, уул уурхайн сургуулийн тэнхимийн эрхлэгч, доктор Э.Ганзориг.
Газрын тос, шатахуун хадгалах савны голч, өндөр, хазайлт, хэв гажилтыг 3D лазер сканнерын технологи ашиглан контактгүйгээр, олон сая цэгийн өгөгдөлд үндэслэн өндөр нарийвчлалтай хэмжих арга зүй боловсруулж, Монгол Улсын шинэ бүтээлийн патент авчээ.
Энэхүү технологи нь хэмжилтийн хугацаа, зардлыг хэмнэхээс гадна өндөрт болон савны дотор ажиллах үеийн хөдөлмөрийн аюулгүй байдлын эрсдэлийг бууруулах ач холбогдолтой.
Шилдэг патент, Уул уурхайн хүрээлэнгийн нэрэмжит шагнал – “Өндөр үзүүлэлттэй бетоны оновчтой найрлага”
Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн Д.Оюунбилэг, Ж.Амгалан, Ц.Батбаатар нар.
Судалгааны баг эх орны чулуу, дотоодын цемент ашиглан 80 мегапаскалаас дээш бат бэхтэй, өөрөө нягтардаг бетоны оновчтой найрлага боловсруулжээ.
Энэхүү бүтээл нь импортын цемент, ховор дүүргэгч шаардахгүй бөгөөд бүтээцийн хэмжээг 20–25 хувиар багасгах, цементийн хэрэглээ болон хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах боломжтой. Улаанбаатар төмөр замын бетон дэрний үйлдвэрт туршигдаж, лицензийн гэрээ байгуулах шатанд ойртож байна.
Шилдэг санаа, зохион бүтээлт – “Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан хиймэл оюунд суурилсан навигацийн систем”
Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн дэд профессор, доктор С.Өлзийбаяр болон оюутны баг.
Ухаалаг гар утасны камер, GPS ашиглан замын саадыг таньж, харааны бэрхшээлтэй хэрэглэгчид дуут заавар өгөх энэхүү систем нь иргэдийн бие даан зорчих боломж, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэжээ.
Системийн анхны хувилбарыг 2025 онд БНХАУ-ын Чиндао хотод зохион байгуулагдсан “Залуучуудын инновацын уралдаан”-д оролцуулж, сайжруулсан хоёр дахь хувилбарыг БНСУ-д танилцуулсан байна.
Шилдэг санаа, зохион бүтээлт – “Хүний булчингийн хүчний хэмжилт, хяналтын систем”
Механик инженер, тээврийн сургуулийн профессор, доктор Х.Батбаяр нар.
Монгол Улсад анх удаа нэвтрүүлж буй энэхүү систем нь тамирчны үсрэлт, таталт, суулт зэрэг сорилын үр дүнд үндэслэн булчингийн хүчийг тооцоолох, бэлтгэлийн техникийн алдааг багасгах зөвлөмж боловсруулах боломжтой юм.2026 оноос Монголын хүндийн өргөлт, чөлөөт бөхийн холбоо болон Архангай аймгийн бөхчүүдийн сорилд ашиглаж эхэлсэн бөгөөд 2028 оны Олимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн тамирчдыг нэгдсэн системээр үнэлэхээр төлөвлөж байна.
Мөн арга хэмжээний үеэр багш, судлаачдын бүтээлийн үзэсгэлэн гаргаж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд ач холбогдол бүхий судалгааны үр дүн, шинэ технологи, зохион бүтээлт, инновацын шийдлүүдийг олон нийтэд танилцууллаа.
Оюуны өмчийн өсөлт
ШУТИС-ийн судалгаа, инновацын үйл ажиллагааны үр дүнг илэрхийлэх нэг чухал үзүүлэлт болох оюуны өмчийн эрхийн хамгаалалт нэмэгдэж байна. 2026 онд нийт 92 оюуны бүтээлд эрхийн хамгаалалт хийлгэснээс 60 бүтээл ШУТИС-ийн эзэмшилд бүртгэгдэж, өмнөх оныхоос 35 хувиар өсжээ. Их сургуулийн эзэмшилд бүртгэгдсэн бүтээлийн 55 нь зохиогчийн эрх, тав нь патентын эрхийн хамгаалалттай байна. Түүнчлэн ШУТИС-ийн эзэмшлийн аж үйлдвэрийн өмчийн тоо 2025 онтой харьцуулахад 2026 онд 50 хувиар нэмэгдсэн байна. Эдгээр үзүүлэлт нь эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнг оюуны өмчөөр баталгаажуулах, инновацын бүтээгдэхүүн, технологийг үйлдвэрлэл, хэрэглээнд нэвтрүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлж байна.
Судалгааг дэмжих санхүүжилт
“2IP-2026” арга хэмжээний үеэр өнгөрсөн хугацааны судалгаа, инновацын ололт амжилтыг танилцуулж, шилдэг бүтээл, судлаачдыг алдаршуулахаас гадна цаашдын эрдэм шинжилгээ, судалгааны үйл ажиллагааг дэмжих санхүүжилтийн батламжуудыг гардууллаа.
ШУТИС нь 2027 онд нийт 37 судалгааны төсөлд 907 сая төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэж, гэрээ байгуулах батламжийг төслийн удирдагчдад гардуулав. Энэ нь өмнөх оны санхүүжилтийн хэмжээнээс 43 хувиар өссөн үзүүлэлт юм. Энэхүү санхүүжилт нь их сургуулийн судалгааны чадавхыг бэхжүүлэх, шинжлэх ухааны шинэ мэдлэг бүтээх, залуу судлаачдыг дэмжих, судалгааны үр дүнг үйлдвэрлэл, практикт нэвтрүүлэх боломжийг өргөжүүлэхэд чиглэж байна.
Түүнчлэн эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийн чанар, хүртээмж, олон улсын үнэлгээг дээшлүүлэх, тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор олон улсын мэдээллийн санд бүртгэлтэй зургаан эрдэм шинжилгээний сэтгүүлд нийт 35 сая төгрөгийн грант олголоо.

Тухайлбал, ШУТИС болон Монголын геологийн холбооноос хамтран эрхлэн гаргадаг “Mongolian Geoscientist” олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүл нь 2023 онд Scopus мэдээллийн санд бүртгэгдэж, SCImago Journal Rank (SJR) үнэлгээгээр Q4 ангилалд багтсан байна.
Судалгаанаас үйлдвэрлэлд
Судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, шинжлэх ухаан, аж үйлдвэрийн хамтын ажиллагааг өргөжүүлэх нь энэ удаагийн арга хэмжээний нэгэн чухал агуулга байлаа. Энэ хүрээнд ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн профессор, доктор Б.Чинзориг “Судалгаанаас – Үйлдвэрлэлд” сэдэвт илтгэлээрээ баяжуулах үйлдвэрийн хаягдлаас шинэ төрлийн дулаалгын материал гарган авах технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлж буй туршлага, судалгааны үр дүнг танилцуулав.
Мөн ШУТИС нь судалгаа, инновацын чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, судалгааны үр дүнг үйлдвэрлэл, хэрэглээнд нэвтрүүлэх хүрээнд “Бодь Электроникс” ХХК-тай хамтын ажиллагааны гэрээ, БНСУ-ын “Impact Foundation” байгууллагатай хамтран ажиллах санамж бичгийг тус тус байгууллаа.
Эрдэмтэн, багш, судлаачдын амжилт
Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Монгол Улсын Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан эрдэмтэн, багш, судлаачдад Засгийн газрын шагнал гардуулав.
Мөн 2026 оны судалгаа, инновацын ажлын үр дүнгээрээ тэргүүлсэн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийг “ШУТИС-ийн судалгаа, инновацын шилдэг сургууль-2026”-аар шалгаруулан алдаршууллаа.
Түүнчлэн таван эрдэмтэн, багшид ШУТИС-ийн профессор, 17 эрдэмтэн, багшид дэд профессор цолны өргөмжлөл, докторын зэрэг хамгаалсан дөрвөн судлаачид докторын зэргийн диплом гардуулав.
ШУТИС нь “2IP” арга хэмжээгээр дамжуулан багш, судлаачдын эрдэм шинжилгээний ажлын үр дүн, оюуны бүтээлийг олон нийтэд таниулах, судлаачдын амжилтыг урамшуулахын зэрэгцээ судалгааны санхүүжилтийг нэмэгдүүлэх, оюуны өмчийн хамгаалалтыг бэхжүүлэх, инновацын экосистемийг хөгжүүлэх, шинжлэх ухаан, аж үйлдвэрийн хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар олон улсын түвшинд өрсөлдөх судалгааны чадавхаа бэхжүүлж байна.
“2IP-2026” хүндэтгэлийн арга хэмжээг ШУТИС-ийн Инновац, бизнес түншлэлийн алба, Эрдэм шинжилгээ, технологи хөгжүүлэлтийн алба хамтран зохион байгууллаа.

Шинжлэх ухаан, технологи, инновацын хөгжилд оюун мэдлэг, авьяас чадвар, хөдөлмөр зүтгэлээ зориулж буй нийт эрдэмтэн, багш, судлаачдадаа Монгол Улсын Шинжлэх ухааны ажилтны өдрийн баярын мэнд хүргэж, эрдэм судлалын өндөр амжилт хүсье!
“2IP-2026” арга хэмжээний гэрэл зургуудыг эндээс үзэж, татаж авах боломжтой.
Mongolian University of Science and Technology and Ural Federal University Discuss Renewing Their Cooperation Agreement and Expanding Academic Collaboration
Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project