link
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Хөгжлийн бодлого, дижитал шилжилт эрхэлсэн проректор, доктор (Ph.D), дэд профессор Р.Бадмаанямбуу, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал, доктор (Ph.D), дэд профессор Б.Тунгалагтамир нар 2026 оны 10 дугаар сарын 15–18-ны өдрүүдэд БНХАУ-ын Шанхайн Жиао Тонг их сургууль (Shanghai Jiao Tong University – SJTU)-д зохион байгуулагдсан “Материалын шинжлэх ухааны өндөр чанартай хөгжлийн асуудал” бага хурал болон “Дэлхийн материалын шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулиудын декануудын форум”-д оролцлоо.
Материал судлал, инженерчлэлийн салбарын хөгжлийн чиг хандлага, дэвшилтэт технологи, олон улсын хамтын ажиллагааны боломжийг хэлэлцсэн тус арга хэмжээнд дэлхийн 21 орны их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын удирдлага, эрдэмтэн судлаачид, БНХАУ-ын 43 их сургуулийн төлөөлөл оролцов. Мөн Шанхайн Жиао Тонг их сургуулийн материал судлал, инженерчлэлийн салбарын 100 жилийн хөгжлийн түүх, ололт амжилтыг дүгнэж, цаашдын хөгжлийн чиг хандлагыг хэлэлцсэн юм.

Арга хэмжээг Шанхайн Жиао Тонг их сургуулийн ректор, БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн академич, профессор Дин Куйлин нээж, материал судлал, инженерчлэлийн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргахад олон улсын их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагаа чухал болохыг онцоллоо.
Олон улсын арга хэмжээнд Сингапурын Үндэсний их сургуулийн Функциональ ухаалаг материалын хүрээлэнгийн захирал, физикийн салбарын Нобелийн шагналт эрдэмтэн Константин Новоселов, Кембрижийн их сургуулийн профессор Клэр П. Грей, Андреа К. Феррари болон олон улсын нэр хүндтэй их сургууль, судалгааны байгууллагуудын удирдлага, эрдэмтэн судлаачид оролцож, материал судлалын салбарын өнөөгийн байдал, ирээдүйн хөгжлийн талаар санал солилцов.
Хурлын үеэр ШУТИС-ийн проректор Р.Бадмаанямбуу “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд “Материалын шинжлэх ухааны салбарыг өндөр чанартай хөгжүүлэх” санаачилгад хамтран ажиллах олон улсын санамж бичигт ШУТИС-ийг төлөөлөн гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичигт Шанхайн Жиао Тонг их сургууль, Малайзын Технологийн их сургууль, Тайландын Чулалонгкорны их сургууль, Ташкентын Улсын техникийн их сургууль, Казахстан-Британийн техникийн их сургууль, ШУТИС, Казахстаны Назарбаев их сургууль болон Испанийн IMDEA Материал судлалын хүрээлэн хамтран ажиллахаар тусгасан байна.

Ингэснээр ШУТИС-ийн профессор, багш, ажилтан, оюутан суралцагчдад материал судлал, инженерчлэлийн чиглэлээр “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд богино болон урт хугацааны сургалт, эрдэм шинжилгээ, судалгаа, төсөл, хөтөлбөрт хамрагдах боломжийг өргөжүүлэх нөхцөл бүрдэж байна.
Мөн ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Б.Тунгалагтамир “Дэлхийн материалын шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулиудын декануудын форум”-д Монгол Улсын химийн инженерчлэл, нанотехнологи, материал судлал, инженерчлэлийн салбарын өнөөгийн байдал, хүний нөөцийн боломж, бакалавр, магистр, докторын сургалтын хөтөлбөрийн чанар, судалгаа, төсөл, хөтөлбөрүүдийн талаар танилцуулга хийлээ.

Форумын хүрээнд ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургууль болон Шанхайн Жиао Тонг их сургуулийн хамтран хэрэгжүүлж буй “Материал судлал, инженерчлэл” бакалаврын хөтөлбөрийн оюутны бүртгэл, тэтгэлэг, сургалтын төлөвлөгөөг боловсронгуй болгох, олон улсын жишигт нийцүүлэх асуудлыг хэлэлцэв.
Түүнчлэн уг хамтарсан хөтөлбөрийг цаашид ахисан түвшинд өргөжүүлэх, эрдэм шинжилгээний өгүүлэл хамтран хэвлүүлэх, судалгааны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо. Мөн Итали, Тайланд, Сингапурын их сургуулиудтай ахисан түвшний хамтарсан сургалтын хөтөлбөр боловсруулах боломжийн талаар санал солилцсон юм.
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026
Researcher from MUST Awarded Prestigious Humboldt Research Fellowship
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION