link

Талархлын батламж гардууллаа
2026-10-06 15:33 ЗАА

“Инженер, технологийн дээд боловсрол” (MJEED) төслийн хүрээнд ШУТИС-ийн судалгааны тэргүүлэх чиглэлээр Япон Улсын их, дээд сургуулийн эрдэмтэн, судлаачидтай хамтарсан 10 судалгааны баг 2014–2026 онд амжилттай хэрэгжүүлэв.

Хамтарсан судалгааны багийн ахлагчид олон жилийн хугацаанд судалгааны ажлыг удирдан зохион байгуулахын зэрэгцээ Япон Улсын тэргүүлэх их, дээд сургуулиудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинжлэх ухаан, инженерчлэл, байгалийн шинжлэх ухааны чиглэлээр хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, сургалт, судалгааны материаллаг баазыг хөгжүүлэх, судалгааны үр дүнг бий болгох, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр үр бүтээлтэй ажилласан байна. Төслийн хэрэгжилтэд идэвх санаачилгатай оролцож, ШУТИС-ийн судалгаа, шинжлэх ухаан, инновацын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан 10 судалгааны багийн хамт олонд талархал илэрхийлж, судалгааны багийн ахлагчдад “Талархлын батламж”-ийг ШУТИС-ийн Сургалт, оюутны асуудал эрхэлсэн проректор Н.Эрдэнэхүү 2026 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гардууллаа.

  

Энэхүү үйл ажиллагаа нь MJEED төслийн хүрээнд хэрэгжүүлсэн хамтарсан судалгааны үр дүн, багш, судлаачдын олон жилийн хөдөлмөр, Монгол, Японы их, дээд сургуулиудын эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны үр өгөөжийг онцлон тэмдэглэсэн үйл явдал боллоо.

Төслийн хүрээнд хэрэгжүүлсэн ажлын үр дүнгээс товч дурдвал:

ШУТИС-ийн 88 залуу багш, судлаач Япон Улсын тэргүүлэх их, дээд сургуулиудад магистр, докторын түвшинд суралцаж, эрдмийн зэрэг хамгаалсан бол 242 багш, судлаач зэргийн бус сургалтад хамрагдан мэргэжил, ур чадвараа дээшлүүлжээ. Мөн Япон Улсын 176 эрдэмтэн, профессор, судлаачтай хамтарсан судалгааг амжилттай хэрэгжүүлсэн байна.

Хамтарсан судалгааны үр дүнд нийт 533 эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлснээс Scopus, Web of Science (WoS) JCR-д бүртгэлтэй болон импакт фактор (IF) бүхий олон улсын нэр хүндтэй сэтгүүлд 270 өгүүлэл хэвлүүлсэн байна.

Мөн судалгааны үр дүнд 27 зохиогчийн эрх, 17 ашигтай загвар, 12 шинэ технологи, 5 мэдээллийн сан, 3 стандарт зэрэг оюуны өмчийн бүтээл бий болж, судалгааны үр дүнг практик хэрэглээнд нэвтрүүлэх, технологи дамжуулах, эдийн засгийн эргэлтэд оруулах таатай суурь нөхцөл бүрдсэн байна.

Нийт судалгааны багийн багш, судлаачдадаа эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь өндөр амжилт, бүтээл арвин байхыг хүсэн ерөөе. Цаашдын судалгаа, хамтын ажиллагаанд нь улам их амжилт хүсье.

“ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ” (MJEED) төслийн

ШУТИС-ийн хамтарсан судалгааны сэдвийн нэрс

 №

Судалгааны сэдэв

Багийн ахлагч

Япон талын хамтрагч их сургууль

1

Монгол орны эрдэс баялгийн суурь судалгаа

С.Жаргалан

Кюүшү их сургууль , Акита их сургууль, Тохоку их сургууль , Хоккайдо их сургууль

2

Үнсийг барилгын материалын үйлдвэрлэлд ашиглах ногоон технологи

Д.Сүнжидмаа

Тохоку их сургууль, Нихон их сургууль , Сайтама их сургууль

3

Шинэ материалын дэвшилтэт технологийн судалгаа

М.Дэлгэрмаа

Нийгата их сургууль, Нийгатагийн Технологийн их сургууль
Үцүномия их сургууль, Акита их сургууль,                                                  Нагаока технологийн их сургууль , Тохоку их сургууль

4

Монгол дахь тэнгэрийн дэд бүтэц: Агаар сансарын механик инженерийн мэдлэг ба логистик, хүрээлэн буй орчны хяналт шинжилгээ

Д.Эрдэнэбат

Нагаока технологийн их сургууль

5

Хүрээлэгч орчны бохирдлын хяналтын цогцолбор судалгаа, тогтвортой хөгжил: Төв Монголын Туул, Хараа голын ай савуудын жишээн дээр

О.Мөнхцэцэг

Нагоя их сургууль, Тохоку их сургууль, Акита их сургууль

6

Эрчим хүчний дамжуулалт, түгээлтийн инновацийн судалгаа

Б.Сэргэлэн

Toкио ИС, Rюүкюү их сургууль , Kюүшү технологийн их сургууль
Aшикага их сургууль , Аичигийн Технологийн ИС, Күрүмэгийн их сургууль         

7

Монгол орны хүрээлэн буй орчин, газар хөдлөлтийн инженерчлэлийн судалгаа

Ц.Цоггэрэл

Toхоку их сургууль, Ямагата их сургууль, Киото их сургууль                             Kитакюшү их сургууль, Хирошима их сургууль

8

Дэвшилтэт технологид суурилсан үйлдвэрлэл үйлчилгээ, ахуйн ухаалаг системийн хөгжүүлэлтийн судалгаа

Б.Отгонбаяр

Kюүшү технологийн их сургууль
Toкүшима их сургууль

9

Хүний тогтвортой хөгжлийг хангах Био-инженерчлэлийн судалгаа

Х.Батбаяр

Хоккайдо их сургууль , Цүкүба их сургууль, Киото Технологийн их сургууль

10

Монголын хүнсний зарим бүтээгдэхүүн хатаах аргын харьцуулсан судалгаа

Г.Солонго

Хоккайдо их сургууль, Цүкүба их сургууль, Үцүномияа их сургууль

Affiliated schools