link

“МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хаалтын арга хэмжээ боллоо
2026-09-21 09:18 ЗАА

ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн сургалт, хүний нөөц, судалгааны орчин, менежментийн чадавхыг бэхжүүлэх зорилготой “МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх” төсөл 2019–2026 онд амжилттай хэрэгжиж төслийн хаалтын арга хэмжээ 2026 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Корпорейт зочид буудалд зохион байгуулагдлаа.

Арга хэмжээнд Боловсролын яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA)-ын төв болон Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, салбарын байгууллагуудын төлөөлөл, төслийг хамтран хэрэгжүүлэгч Санмён их сургууль, ШУТИС-ийн удирдлага, профессор багш, оюутнуудын төлөөлөл оролцов.

   

Нийт 6 сая ам.долларын санхүүжилттэй хэрэгжсэн энэхүү төслийн хүрээнд МХТС-ийн сургалт, судалгааны материаллаг бааз, дэд бүтцийг шинэчлэх томоохон оруулалтууд хийсэн. Тухайлбал, 3 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар сургалт, судалгааны 10 лаборатори байгуулж, сургуулийн мастер төлөвлөгөө боловсруулах, цахим хичээл бэлтгэх, сургалтын хөтөлбөрийг сайжруулах, професор багш нарыг чадавхжуулах, сургуулийн барилгын гадна болон дотоод засвар, шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

 

Мөн төслийн хүрээнд МХТС болон БНСУ-ын Санмён их сургуулийн профессор, судлаачдын 22 хамтарсан эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлж, судалгааны үр дүнд WoS, SCOPUS-ийн SCI индекстэй Biomedical Signal Processing and Control, Scientific Reports, IEEE Access зэрэг олон улсын сэтгүүлүүдэд 30 орчим эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсэн нь төслийн чухал үр дүнгийн нэг боллоо. Мөн сургалтын хөтөлбөр, агуулгыг шинэ технологийн хөгжилтэй уялдуулах хүрээнд өгөгдөл олборлолт ба машин сургалт, хиймэл оюун ухаан, юмсын интернэт зэрэг чиглэлийн нийт найман хичээлийг цахим сургалтын контент хэлбэрээр боловсруулжээ. Төслөөр хийгдсэн судалгааны ажлууд, SCI сэтгүүлүүдэд хэвлэгдсэн хамтарсан бүтээлүүд, боловсруулсан цахим хичээлүүдийг танилцуулж, оюутнуудын бүтээл, инновацын шийдлүүдийн үзэсгэлэнг хаалтын үеэр зохион байгууллаа.

Хаалтын арга хэмжээний үеэр төслийн хэрэгжилт, хоёр сургуулийн хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан БНСУ-ын Санмён их сургуулийн профессор, төслийн ерөнхий координатор Пэк Сенугт ШУТИС-ийн “Хүндэт профессор” цол олгож, хүндэтгэл үзүүлэв.

Энэхүү долоон жилийн хугацаанд хэрэгжсэн “МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх” төсөл нь МХТС-ийн сургалт, судалгааны орчин, лаборатори, дэд бүтцийг шинэчлэхийн зэрэгцээ профессор багш, судлаач оюутнуудын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, цаашдын хөгжлийн суурийг бэхжүүлсэн чухал ач холбогдолтой төсөл болж амжилттай өндөрлөлөө.

Affiliated schools