link

ШУТИС-ийн “Хүндэт доктор” цолыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндонд хүртээлээ
2026-07-01 16:07 ЗАА

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Эрдмийн зөвлөлийн 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, геологи-минералогийн ухааны доктор (Ph.D) Гэлэнгийн Ёндонд ШУТИС-ийн “Хүндэт доктор” цол олголоо. Цол өргөмжлөх ёслолын ажиллагаа 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд болж, ШУТИС-ийн ректор, доктор (Ph.D), профессор Т.Намнан хүндэт өргөмжлөлийг гардуулан, Эрдмийн зөвлөлийн гишүүд баяр хүргэлээ.

 

Г.Ёндон нь уул уурхай, геологи, хүнд үйлдвэрийн салбарт 35 гаруй жил үр бүтээлтэй ажиллаж, төрийн бодлого боловсруулах, үйлдвэрлэлийн удирдлага, салбарын хөгжлийг шинэ шатанд гаргахад үнэтэй хувь нэмэр оруулсан нэр хүндтэй удирдагч, эрдэмтэн юм. Тэрээр 1991 онд ОХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийг уул уурхайн инженер-маркшейдер мэргэжлээр төгсөж, 2002 онд Геологи-минералогийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан бөгөөд 2022 оноос “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлаар ажиллаж байна.

ШУТИС нь Монгол Улсад инженер, технологийн боловсрол, судалгаа, инновацын хөгжлийг дэмжих, их сургууль–үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинжлэх ухааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх үйлсэд оруулсан түүний бодит хувь нэмрийг өндрөөр үнэлж, ийнхүү их сургуулийн дээд хүндэт өргөмжлөл болох “Хүндэт доктор” цолоор өргөмжиллөө.

 

Г.Ёндоны санаачилга, дэмжлэгээр ШУТИС болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй өргөжин хөгжиж байна. Үүний хүрээнд сургалт, судалгааг үйлдвэрлэлтэй уялдуулах, шинжлэх ухаан–үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх, ШУТИС-ийн харьяа “Эрдэнэт цогцолбор” их сургуулийн хөгжлийг бодлогоор дэмжих, үйлдвэрлэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хамтарсан судалгаа, төслүүдийг хэрэгжүүлэх зэрэг олон ажлыг амжилттай хэрэгжүүлж байна.

Мөн Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн хүрээнд 2024–2026 онд нийт 1.7 тэрбум төгрөгийн санхүүжилттэй найман судалгааны төсөл хэрэгжүүлж, цаашид 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилттэй дөрвөн шинэ төслийг эхлүүлэхээр ажиллаж байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хүрээнд инженерийн боловсролыг дэмжих зорилгоор "Engineering HUB" механикийн лабораторийг байгуулахад 3.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байгаа бөгөөд ШУТИС-ийн харьяа “Эрдэнэт цогцолбор” их сургуульд 2022–2025 онд 4.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, сургалт, судалгааны орчныг шинэчлэхэд томоохон хувь нэмэр оруулжээ.

 

ШУТИС-ийн “Хүндэт доктор” цол нь боловсрол, шинжлэх ухаан, инженерчлэл, үйлдвэрлэл, нийгмийн хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан эрхмүүдэд олгодог их сургуулийн дээд хүндэт өргөмжлөл юм. Г.Ёндонд энэхүү эрхэм цолыг хүртээсэн нь их сургууль–үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг улам бэхжүүлж, шинжлэх ухаан, инновацид суурилсан хөгжлийг дэмжих шинэ боломж, шинэ итгэлийн илэрхийлэл боллоо.

Affiliated schools