link

ШУТИС 2197 төгсөгчдөө үдэж, “Эрдмийн баяр” төгсөлтийн ёслолоо зохион байгууллаа
2026-06-22 20:17 ЗАА

Шинжлэх ухаан, технологийн их сургууль 2025–2026 оны хичээлийн жилийн хаврын улирлын “Эрдмийн баяр” төгсөлтийн ёслолын ажиллагааг 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Соёлын төв өргөөнд ёслол төгөлдөр зохион байгууллаа.

 

Төгсөлтийн ёслолын ажиллагаанд Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир, ШУТИС-ийн ректор доктор (Ph.D), профессор Т.Намнан, их сургуулийн удирдлагууд, эрдэмтэн багш нар, төгсөгчид, эцэг эхчүүд болон хүндэт зочид оролцлоо.

Монгол Улсын инженер, технологийн дээд боловсролын хөгжилд 65 жилийн турш үнэтэй хувь нэмэр оруулж, 100 мянга гаруй мэргэжилтэн бэлтгэн төгсгөсөн ШУТИС энэ удаа 96 дахь удаагийн бакалаврын, 58 дахь удаагийн магистрын төгсөлтөө зохион байгуулж байна.

2025–2026 оны хичээлийн жилийн төгсөлтөөр 8 доктор, 294 магистр, 1887 бакалавр, 8 дэд бакалавр зэрэг нийт 2196 төгсөгч дипломоо гардан авлаа. Тэдгээрийн 152 нь онцлох дипломтой төгсөж, 37 оюутан БНХАУ болон БНСУ-ын их сургуулиудтай хамтарсан 2+2 хос дипломын хөтөлбөрөөр суралцан төгсөж байна.

 

 

Мөн ШУТИС-ийн харьяа Политехник коллежийн 56 төгсөгч техникийн боловсролын дипломоо гардан авч, шаталсан сургалтын тогтолцооны үр дүнг бодитоор харууллаа. Эдгээр төгсөгчид цаашид бакалаврын түвшний сургалтад кредитээ дүйцүүлэн үргэлжлүүлэн суралцах боломжтой юм.

Төгсөлтийн ёслолын үеэр Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир төгсөгчдөд хандан мэндчилгээ дэвшүүлж, мэдлэг, ур чадвар, ёс зүйгээ эрхэмлэн эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулахыг хүсэн ерөөлөө.

ШУТИС-ийн ректор доктор (Ph.D), профессор Т.Намнан төгсөгчдөд хандан хэлсэн үгэндээ дэлхийн боловсрол, технологийн салбарын өөрчлөлт, хиймэл оюун ухааны эрин үеийн боломжийг онцлон тэмдэглэж, ШУТИС-д эзэмшсэн мэдлэг, ур чадвараа эх орныхоо хөгжил дэвшилд зориулж, шинэ технологийн хэрэглэгч төдийгүй бүтээгч нь байхыг уриаллаа.

Тэрээр мөн ШУТИС нь Монгол Улсын хөгжлийн бодлого, стратегийн томоохон төсөл, хөтөлбөрүүдтэй уялдуулан 45 тэргүүлэх, 12 эрэлттэй хөтөлбөрөөр сургалт явуулж, улс орны хөгжилд шаардлагатай инженер, технологийн мэргэжилтнүүдийг бэлтгэж байгааг онцолсон юм.

Өнгөрсөн хичээлийн жилд ШУТИС дотоодын болон олон улсын хамтарсан нийт 180 гаруй сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж, үндэсний болон олон улсын магадлан итгэмжлэлд амжилттай хамрагдсан байна. Мөн 1900 орчим оюутанд 800 гаруй сая төгрөгийн тэтгэлэг олгож, 2700 гаруй оюутан Боловсролын зээлийн сангийн 7 тэрбум төгрөг орчим хэмжээний дэмжлэгт хамрагджээ.

 

 

Төгсөлтийн ёслолын үеэр шилдэг, тэргүүний төгсөгчдөд шагнал гардуулж, төгсөгчид тангараг өргөн, уламжлалт малгай шидэлтийн ёслол хийснээр “Эрдмийн баяр”-ын арга хэмжээ өндөрлөлөө.

 

 

Өнөөдөр дипломоо гардан авч буй төгсөгчид бол зөвхөн боловсрол эзэмшсэний баталгаа бус, олон жилийн хөдөлмөр, хичээл зүтгэл, хүсэл мөрөөдлийнхөө үр дүнг хүртэж буй шинэ үеийн инженер, технологичид юм.

 

 

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн нийт төгсөгчдөдөө халуун баяр хүргэж, эрдэм мэдлэг, ур чадвар, ёс зүйгээрээ манлайлан ажиллаж, Монгол Улсын хөгжил дэвшилд бодит хувь нэмэр оруулахыг хүсэн ерөөе.

Бид нэг ШУТИС.

 

 

 

 

 

 

Энэ жилийн төгсөлтийн ёслолын үеэр төгсөгчдийн дурсамжит мөч бүрийг мэргэжлийн түвшинд гэрэл зурагт буулгаж, зургуудыг богино хугацаанд цахимаар хүлээн авах боломжийг бүрдүүлэх зорилгоор PIX.mn платформтай хамтран ажилласан нь төгсөгчдөд үзүүлсэн шинэлэг үйлчилгээний нэг боллоо.

Affiliated schools