link

Энэтхэгийн техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (itec)-өөр “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн чиглэлээр 21 хоногийн сургалтад амжилттай хамрагдлаа
2026-05-07 14:20 ЗАА

БНЭУ-ын Засгийн Газрын ITEC (Энэтхэгийн техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр)-ийн хүрээнд  100% тэтгэлгээр Engineers India Limited компаниас зохион байгуулсан “3 WEEKS TECHNICAL TRAINING PROGRAMME FOR DELEGATES FROM MONGOLIA” сэдэвт Газрын тос боловсруулах үйлдвэрийн чиглэлийн сургалтад ШУТИС-ийн ГУУС-ийн Газрын тос, өрөмдлөгийн инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор М.Оюунтөгс, дэд профессор Б.Наранцэцэг, сургалтын мастер Н.Алтангэрэл, Газрын тос боловсруулах үйлдвэрийн инженерчлэл хөтөлбөрийн 5 оюутан, Газрын тосны инженерчлэл хөтөлбөрийн 2 оюутан, ЭХИС-ийн ахлах багш Г.Нарандулам, Дулааны цахилгаан станцын инженерчлэл, Дулааны процессийн автоматжуулалтын инженерчлэл хөтөлбөрийн 5 оюутан, ХШУС-ийн сургалтын мастер Б.Болорсайхан, Химийн инженерчлэл хөтөлбөрийн 3 оюутан, “Монгол Газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ний 10 инженер, техникийн ажилтан нар нийт 31 хүн 2026 оны 3 дугаар сарын 24-ны өдрөөс 4 дүгээр сарын 17-ний өдрүүдэд хамрагдсан.

Энэхүү сургалтыг БНЭУ-ын EIL компанийн боловсруулах үйлдвэрийн төсөлд ажиллаж байсан практик туршлагатай инженер техникийн ажилтан, багш нар заасан.  

Сургалт 7 хоног бүр Даваа гаригаас Бямба гаригуудад 9:30 - 16:30 цагуудад орсон ба идэвхтэй сургалтын аргаар хичээлийг орж, тухай бүрт шалгалтуудыг өгсөн.

Энэхүү сургалтаар Газрын тос боловсруулах үндсэн байгууламж, процесс, тоног төхөрөмжүүд (нэрлэгийн колонн, ЭЛОУ, хоолойт зуух мэт), Атмосферийн нэрлэгийн төхөөрөмж, Вакуумын нэрлэгийн төхөөрөмж, Гидрокрекинг, Катализаторт крекинг, Висбрекинг, Устөрөгч үйлдвэрлэх хэсэг, Усаар хөргөх систем, Хүхэргүйжүүлэх төхөөрөмж, Нэрлэгийн баганын хийц, Давсгүйжүүлэх урьдчилан бэлтгэх төхөөрөмж, Хийн халаалтын төхөөрөмж, Насосны үндсэн тоног төхөөрөмж, Шатаах зуух, Дулаан солилцуурын үндсэн ойлголт, тоног төхөөрөмжүүд, Шугам хоолойн гидравлик тооцоо, Газрын тос боловсруулах үйлдвэрийн цахилгаан хангамж, тоног төхөөрөмж, хяналт, удирдлагын процесс, Холих процессийн үндсэн тоног төхөөрөмж, Шугам хоолойн үндсэн тоног төхөөрөмж, Боловсруулах үйлдвэрийн цахилгааны үндсэн тоног төхөөрөмж, Газрын тос боловсруулах үйлдвэрийн зураг төсөл, Хүрээлэн буй орчин байгаль орчны хамгааллын талаар хичээлүүд орсон. Сургалтын 1-р долоо хоногт нь оюутнууд Газар хөдлөл, гамшигийн үед авах арга хэмжээний сургалтад хамрагдсан болно. 

 

Зураг 1. Хичээл явагдаж буй байдал

 

Зураг 2. Газар хөдлөл, гамшгийн үед авах арга хэмжээний сургалтад хамрагдаж буй байдал

Сургалтын 3-р долоо хоногт Нүүрсний хийжүүлэлтийн бага оврын боловсруулах үйлдвэр, Хүхэргүйжүүлэх төхөөрөмжтэй үзэж танилцсан.

 

Зураг 3. Нүүрс хийжүүлэлтийн бага оврын боловсруулах үйлдвэртэй танилцсан байдал

Сургалтын хугацаанд мэдлэгээ шалгуулж сертификатыг гардан авсан.

Зураг 4. Сертификат гардуулалтын үйл ажиллагаа

Сургалтын үр дүнд хичээлүүд англи хэл дээр явагдсан тул оюутнуудын мэргэжлийн англи хэл, ярианы чадвар сайжирсанаас гадна боловсруулах үйлдвэрийн мэргэжлийн мэдлэг чадвар дээшилсэн. Багш оюутнууд сурган болон суралцах идэвхтэй аргуудад суралцаж багаар ажиллах инженерийн сэтгэлгээ сайжирсан. Мөн ITEC-ийн хөтөлбөрийн хүрээнд БНЭУ-ын орны түүх, соёлыг үзэн танилцсан дурсамж дүүрэн өдрүүдийг өнгөрүүлсэн. Үүнд: Агра хотын аялал, түүхий дурсгалт газар болон “Таж Махал” -ыг үзсэн.

Зураг 5. Агра хотын аялал

Зураг 6. Таж Махал

Энэхүү сургалтад хамрагдах боломжийг олгосон ШУТИС-ийн болон ГУУС-ийн удирдлагууд, “Монгол Газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, БНЭУ-аас Монгол улсад суугаа Элчин Сайдын Яам, БНЭУ-ын Засгийн газар, ITEC, EIL компанийн хамт олонд талархал илэрхийлж байна.

ГУУС-ИЙН ГАЗРЫН ТОС, ӨРӨМДЛӨГИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ТЭНХИМ

Affiliated schools