link

ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн багш, ажилтнууд олон улсын хамтарсан сургалтад хамрагдлаа
2026-03-25 14:40 ЗАА

БНХАУ-ын Эрээн хотод “Small and Beautiful” уул уурхайн нөөцийн хайгуул, байгаль орчны менежментийн чиглэлийн олон улсын хамтарсан сургалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Тус сургалт нь ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль болон Өвөр Монголын Шинжлэх ухаан, технологийн их сургууль (IMUST) - ийн хамтын ажиллагааны хүрээнд уул уурхайн салбарын аж ахуйн нэгжүүд, их, дээд сургуулийн судлаачдын оролцоотойгоор 2026 оны 3 дугаар сарын 6-наас 15-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдсан.

Геологи, уул уурхайн сургуулийг төлөөлөн Эрдэс боловсруулалт, инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч Б.Орхонтуул, багш Т.Биндэрьяа, Г.Энхжаргал; Уурхайн технологийн тэнхимийн дэд профессор Ц.Ариунжаргал, ахлах багш Ж.Ижилмаа, багш Г.Амартүвшин, Б.Тамир, Г.Хонгорзул, Д.Батбаяр; Уул уурхайн менежмент хөтөлбөрөөр төгсөгч, сургалтын албаны ажилтан У.Батсанаа нар тус сургалтад хамрагдав.

Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд манай Ректор Т.Намнан цахим мэндчилгээ дэвшүүлэн, Өвөр Монголын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн дэд ерөнхийлөгч Ли Вэйпин, Поли тэсрэх бодисын технологийн групп ХХК-ийн намын нарийн бичгийн дарга Шангуан Хаофэн нар үг хэлэв. Мөн үеэр Өвөр Монголын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн “Монголын төгсөгчдийн холбоо”-г байгуулж, гишүүдийг сонгон бүрдүүлэх үйл ажиллагаа зохион байгуулсан байна.

 

Сургалтын хүрээнд Монгол улс, БНХАУ-ын уул уурхайн салбарын мэргэжилтнүүдэд Хятадын дэвшилтэт технологи, ногоон уурхайн стандарт, ухаалаг уурхайн шийдэл, байгаль орчныг хамгаалах арга туршлагыг судлах, солилцох боломж бүрдсэн нь онцлох ач холбогдолтой байв. Энэ нь цаашид хоёр улсын уул уурхайн нөөц ашиглалт, байгаль орчны хамгаалалт, тогтвортой хөгжлийн чиглэл дэх хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал түлхэц болох юм.

Сургалтаар эрдэмтэн багш, мэргэжилтнүүд уул уурхайн тэсэлгээний технологи, уурхайн ашиглалт, уурхайн аюулгүй байдал, ухаалаг уурхайн бүтээн байгуулалт, байгаль орчны менежмент, тогтвортой хөгжил, геологи, газар зүйн мэдээллийн систем зэрэг чиглэлээр лекц уншиж, илтгэл хэлэлцүүлэв.

Мөн Эрээн хотын логистикийн бүс, тэсрэх бодисын үйлдвэр, агуулах, мөн алтны уурхайн үйлдвэрлэлийн талбай (Зижин алтны уурхай)-тай танилцаж, ажиглалт, туршилтын үйл ажиллагааг зохион байгуулсан байна.

Тус сургалтад хамрагдсан Геологи, уул уурхайн сургуулийн профессор, багш нар олон улсын туршлагаас суралцаж, сургалт – судалгаа – үйлдвэрлэлийн уялдаа холбоог сайжруулах, дэвшилтэт технологийг сургалт, судалгаанд нэвтрүүлэх боломжийг судалж, оюутан, судлаач, инженер, техникийн ажилтнуудад мэдлэг, мэдээллээ түгээн дэлгэрүүлэхэд анхаарч ажиллах юм.

Сургалтын төгсгөлд оролцогчдод гэрчилгээ гардуулж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо. Энэ хамтын ажиллагаа нь Монгол улсын уул уурхайн салбарыг илүү ногоон, ухаалаг, байгаль орчинд ээлтэй байдлаар хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.

Affiliated schools