link
Уул уурхайн баялаг, түүний экспорт дээр суурилсан эдийн засагтай Монгол орны хувьд энэхүү баялгаа, ялангуяа нефть, нүүрс, нүүрсний давхаргын метан хий, шатдаг занар, байгалийн битум зэрэг шатдаг ашигт малтмалыг боловсруулж төрөл бүрийн нефтийн бүтээгдэхүүн болон химийн бодис үйлдвэрлэж дотоодын хэрэгцээгээ хангах замаар импортын хараат байдлаа багасгах нь тулгамдсан асуудлуудын нэг болоод байна. Нүүрс – хими, кокс – химийн цогцолбор байгуулах, нефть боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулах, нефтийн уламжлалт бус эх үүсвэрүүд болох байгалийн битум, шатдаг занар, нүүрсний давхаргын метан хий зэрэг шатах ашигт малтмалуудаас нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нефтийн боловсруулалттай нийцүүлэх чиглэлээр Монгол улсын төрөөс сүүлийн жилүүдэд хүнд үйлдвэрийн талаар баримтлах бодлогын баримт бичгүүдэд тусгасан байдаг.
Манай орны ШУА-ийн ХХТХ болон салбарын бусад хүрээлэнгүүд, ШУТИС, МУИС зэрэг их дээд сургуулиуд шатах ашигт малтмалыг химийн аргаар боловсруулж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх судалгааны төсөл хэрэгжүүлж олон тооны үр дүнгүүдийг гаргаж авсаар байна. Дээрх үр дүнгүүдийг хэлэлцүүлж, улс орны ирээдүйн судалгаанд суурилсан хөгжилд, эрдэмтдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор ШУТИС, ХШУС-ийн Химийн инженерчлэлийн тэнхим, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Монголын Химийн нийгэмлэгтэй хамтран “Шатах ашигт малтмалын хими, боловсруулалт ба экологийн асуудлууд” сэдэвт үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний хурлыг энэ удаад анхлан санаачлагчдын нэг Монгол улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Академич Б.Пүрэвсүрэнгийн нэрэмжит болгон 13 дахь жилдээ 2026 оны 01 сарын 30 өдөр зохион байгууллаа.
Хурлын үйл ажиллагааг ШУТИС-ийн захирал, Доктор (Ph.D), Профессор, Т.Намнан нээж, УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Аж үйлдвэрийн бодлогын газрын дарга М.Мэндбаяр, Эрдэнэс үйлдвэрлэл технологийн парк ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Мөнх-Идэр нар мэндчилгээ дэвшүүлэв. Монгол улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Академич Барнасангийн Пүрэвсүрэн амьдрал, ажил үйлс сэдвээр Химийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, Академич Б.Авид, Органик түүхий эдүүдийн пиролизын судалгааны нэгтгэсэн дүн сэдвээр Академич Б.Пүрэвсүрэн, Монгол орны газрын тосны салбарын өнөөгийн байдал сэдвээр АМГТХЭГ, Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Д.Даваабаяр нар урилгаар илтгэл тавив.

Эрдэм шинжилгээний хуралд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Монголын химийн нийгэмлэг, ШУА-ийн харьяа Хими, химийн технологийн хүрээлэнгийн Түлшний хими, технологийн лаборатори, Багажит шинжилгээ, тооцооллын лаборатори, МУИС-ийн харьяа Шинжлэх ухааны сургуулийн эрдэмтэд, эрдэм шинжилгээний болон төрийн өмчит байгууллагуудаас бүрдсэн нийт 10 гаруй аж ахуйн нэгжийг төлөөлсөн инженер техникийн болон эрдэм шинжилгээний ажилтнууд, эрдэмтэн, докторууд нүүрсний пиролиз, хийжүүлэлт, баяжуулалтын технологи, газрын тосны үлдэгдлийг боловсруулах катализаторын хөгжүүлэлтийн судалгаа сэдвүүдээр судалгааны 10 аман илтгэл, 11 ханан илтгэлээр судалгааны ажлаа танилцууллаа. Судлаачдын бүтээлийг шинжлэх ухааны ач холбогдол, практикт нэвтрэх боломж, гарган авсан үр дүнгүүдийг өөр хооронд нь харьцуулж дүгнэлт гаргах замаар тусгай шүүгчдийн бүрэлдэхүүний саналаар шилдэг илтгэлүүдийг шалгарууллаа.
Эрдэм шинжилгээний хурлын зочин шүүгчээр МУИС, Инженер Технологийн сургууль, Дэд профессор, Доктор (Ph.D) Ц.Төгсөө, ШУА, Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Доктор (Ph.D) Т.Аззаяа, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Аж үйлдвэр бодлогын газрын шинжээч, Н.Шинэжаргал, Эрдэнэс ҮТП ХХК-ийн Стратеги төлөвлөлт, судалгааны газрын менежер, Мэргэшсэн инженер, Д.Цолмонтуяа нар уригдан оролцлоо.
Хэлэлцүүлсэн илтгэлүүдээс;
1-р байр “Шахмал түлш үйлдвэрлэлийн түүхий эд, бүтээгдэхүүний чанарын судалгаа” сэдвээр Доктор (Ph.D), Г.Шийрав
2-р байр “Багануурын ордын нүүрсний пиролизын ба шаталтын кинетикийн судалгаа” сэдвээр Доктор (Ph.D), Ц.Баяртсайхан
3-р байр “Анхдагч болон фторидоор хөгжүүлсэн каолин-доломит суурьтай керамик мембрануудын тос/ус салгах идэвхийн судалгаа” сэдвээр Доктор (Ph.D), Б.Мөнхпүрэв
Ханан илтгэл төрлөөр “Тосон-Уул XIX талбайн нефтийн дизелийн фракцын ZSM-5 катализаторт боловсруулалт“ сэдвээр судлаач Б.Ганцэцэг нар тус тус шалгарав.
Монгол улсын Гавьяат багш Б.Бямбагарын нэрэмжит “Залуу судлаачийг дэмжих” 1 сая төгрөгийн тэтгэлгийг залуу судлаач Б.Батцэцэг хүртлээ.
Хурлын илтгэл хэлэлцүүлгийн санал асуулгаар цаашид хувийн хэвшил аж ахуйн оролцоог нэмэгдүүлэх, дараагийн хурлыг анхлан санаачлагчдын нэг Доктор (Ph.D), профессор П.Мөнхбаатарын нэрэмжит болгон зохион байгуулахаар тохиролцов. Хурлын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа хэлэлцүүлж хамтран ажилласан төр, хувийн хэвшлийн байгууллагууд болон ивээн тэтгэж хамтран ажилласан Монголын химийн нийгэмлэг, “Эрдэнэс үйлдвэрлэл, технологийн парк” ХХК, "Си Си Ай Си Эм Эн Эйч Кэй" ХХК, ШУА, Хими, Химийн технологийн хүрээлэн, “Хими Катализ” ХХК-ий хамт олонд чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлж байна.
ШУТИС, ХШУС-ийн Химийн инженерчлэлийн тэнхим
2026.02.02
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea