link

Олон улсын Нээлттэй боловсролын өдөрлөг зохион байгуулагдлаа
2025-10-16 17:34 ЗАА

2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ШУТИС-ийн Гадаад хэлний сургууль Монгол Улсад суугаа элчин сайдын яам болон элчин сайдын яамдын харьяа олон улсын байгууллагуудтай боловсролын чиглэлээр хамтран ажиллах үйл ажиллагаа, төсөл арга хэмжээг өргөжүүлэх, харилцаа холбоогоо бэхжүүлэх зорилгоор “Нээлттэй боловсролын өдөрлөг”-ийг Нийгэм хүмүүнлэгийн сургууль, Эрчим хүчний инженерчлэлийн сургууль, Механик инженер, тээврийн Сургууль, ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль, Нээлттэй боловсролын хүрээлэн, “Гэгээн” залуучуудын холбоо ТББ-тай хамтран зохион байгууллаа.

Энэхүү өдөрлөгт Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын орлогч эрхэмсэг ноён Лукаш Янечек, Чехийн  Пипл ин Нийд (People in Need) ТББ болон Чехийн Мэндэлийн их сургуулийн төлөөлөл, Бээжинд суугаа Бүгд Найрамдах Итали Улсын Элчин сайдын яамны Боловсрол, соёлын атташе Др. Элиса Мессина, АНУ-ын Элчин сайдын яаманд байрлах тус улсын Төрийн департментийн харьяа Эдьюкэйшн АНУ (ЕducationUSA) байгууллагын хатагтай А. Анужин, Монгол улс дахь Франц Улсын элчин сайдын яамны  харьяа байгууллага Кампус Францын хатагтай А. Цэндсүрэн, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Элчин сайдын яамны Германы эрдэм солилцооны байгууллага (DAAD)-ийн багш бөгөөд төлөөлөгч ноён Даниел Матисияк, Австрали Улсын Элчин сайдын яамны харьяа байгууллага болох Бридж Блью Монгол(Bridge Blue Mongolia) байгууллагын гүйцэтгэх захирал Д. Энх-Од нар манай өдөрлөгт оролцлоо.

Нээлттэй боловсролын өдөрлөгт оролцсон элчин сайд яамдууд, тэдгээрийн харьяа байгууллагууд, их сургуулийн төлөөллүүд  боловсрол, эрдмийн солилцооны хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн тухай илтгэл тавьж цаашид ШУТИС-ийн бүрэлдэхүүн, харьяа сургууль, хүрээлэнгүүдтэй ямар чиглэлээр хамтран ажиллах бололцоотой талаар чөлөөт ярилцлага, хэлэлцүүлэг хийлээ. Уг өдөрлөгийг манлайлан зохион байгуулж буй ШУТИС-ийн бүрэлдэхүүн 4 сургууль, харьяа ерөнхий боловсролын ахлах сургууль, 1 хүрээлэн дараах чиглэлүүдээр элчин сайдын яамдууд, тэдгээрийн харьяа байгууллагуудтай дараах чиглэлүүдээр хамтран ажиллаж тогтвортой ирээдүйг хамтран бүтээх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Үүнд:

  • Эх хэл, гадаад хэлний чанартай боловсролоор дэлхийн хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх залуу үеийн судлаач, инженер техникийн ажилчдыг бэлдэх (ГХС),
  • Хүн, нийгэм төвтэй мэдлэг, технологийг бүтээх хүсэл тэмүүлэлтэй Монголын залуу үе, хүмүүнлэг иргэнийг бэлдэх (НХС),
  • Тогтвортой хөгжлийн төлөө цэвэр,  ногоон  эрчим хүч, халаалтын шийдлийг бүтээх, хөгжүүлэх  инженер, судлаачдыг бэлдэх (ЭХИС),
  • Дэлхийтэй Монгол Улсыг ухаалаг тээврийн дэд бүтэц, сүлжээ, инженерийн шийдлээр холбох (MИТС),
  • Ухаалаг, бүтээлч, залуу үеийн инженерүүдийг ахлах сургуулийн тусгай хөтөлбөрийн хүрээнд бэлдэх, хүмүүжүүлэх (ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль),
  • Технологийн шийдлээр боловсролын хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх (НБХ)

Уулзалт, ярилцлага, хэлэлцүүлгийн явцад тус арга хэмжээнд оролцсон элчин сайдын яамдууд, түүний харьяа байгууллагууд  уг өдөрлөгийг санаачлан, манлайлан зохион байгуулсан сургууль, хүрээлэн, ахлах сургуулийн багш, суралцагчдыг богино, урт хугацааны  солилцооны хөтөлбөрт хамруулах, гадаад улсад дадлага хийх, дэлхийн шилдэг их сургуулиудтай холбох, олон улсын мэргэжилтэн, зөвлөх багш илгээх, нийгэм болон тогтвортой хөгжил төвтэй төсөл, арга хэмжээнд оролцуулах талаар хамтран ажиллахаар тогтлоо. Мөн арга хэмжээний төгсгөлд уг арга хэмжээг жил бүр хамтран зохион байгуулах хүсэлтэй байгаагаа бүх оролцогч талууд илэрхийлж, дараа жил дахин зохион байгуулах хамтын шийдвэрт хүрлээ.

Affiliated schools