link

ШУТИС-д MJEED төслийн 10 жилийн үр дүнг дүгнэх симпозиум зохион байгуулагдаж байна
2025-10-03 14:52 ЗАА

Монгол, Японы Засгийн газар хамтран хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол” (MJEED) буюу олон нийтэд танил нэрээрээ “1000 инженер” төсөл 2014 оноос хэрэгжиж эхэлж, 2026 он хүртэл үргэлжлэхээр болсон. Төслийн гол зорилго нь Монгол Улсад аж үйлдвэрийн салбарт шаардлагатай инженер, технологийн мэргэжилтнүүдийг бэлтгэх, Коосэн сургалтын тогтолцоог нутагшуулах, бакалаврын хөтөлбөрийн чанарыг сайжруулах, сургалт, судалгааны орчин, багш нарын чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн юм.

 

Төслийн хэрэгжилтийн гол үр дүнг хэлэлцэх “Монгол–Японы инженерийн боловсролын хамтын ажиллагаа: Бакалаврын хамтарсан хөтөлбөр болон Коосэн сургалтын туршлагаас” сэдэвт симпозиум 2025 оны 10 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд ШУТИС-д зохион байгуулагдаж байна. Симпозиумд Боловсролын яам, ЖАЙКА, төслийн нэгж, Японы 10 их сургуулийн консорциумын төлөөлөл, Монголын их, дээд сургуулиуд болон Коосэн коллежийн төлөөлөгчид оролцож, төслийн ололт амжилт, цаашдын чиг хандлагын талаар хэлэлцэж байна.

“MJEED төсөл анх 7.5 тэрбум иений хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж эхэлсэн. 2024 онд дуусах төлөвлөгөөтэй байсан ч амжилттай хэрэгжиж ирсэн тул 2026 он хүртэл сунгасан. Энэ хугацаанд төслийн зорилтын 95 хувийг амжилттай хэрэгжүүлээд байна.

MJEED төслийн гол дэд хэсэг болох Twinning program буюу ижилсүүлэх хөтөлбөр 2014-2026 онд хэрэгжиж байгаа бөгөөд ШУТИС нь Японы 10 их сургуулийн консорциумтай хамтран Архитектур, Барилга–хүрээлэн буй орчин, Механик инженерийн 2.5+2 жилийн бакалаврын хамтарсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлжээ. Тус хөтөлбөрийг амжилттай төгссөн 284 төгсөгчөөс 99.2 хувь нь гэрээний дагуу эх орондоо ажиллаж, үндэсний бүтээн байгуулалтын 150 гаруй томоохон компани, аж ахуйн нэгжүүдэд  мэргэжлийн дагуу ажиллаж байгаа бөгөөд төгсөгчдийн хандлага, төлөвшил, эзэмшсэн ур чадвар, ажлын гүйцэтгэлд ажиллаж байгаа компани, аж ахуйн нэгжүүд сэтгэл хангалуун байна.

 

ШУТИС-ийн бакалаврын хөтөлбөрийг хөгжүүлэх зорилгын хүрээнд 2015 оноос эхлэн инженер бэлтгэх хөтөлбөрийн агуулга, заах арга зүй, орчин, багшийн хөгжил, чанарын үнэлгээ гэсэн 5 үндсэн чиглэлээр тодорхой арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж 85 багшийг төслийн санхүүжилтээр “Зэргийн бус хөтөлбөр”-т хамруулж, 49 зочин багшийг урьж туршлага судалжээ.

Төслийн санхүүжилтээр ШУТИС-ийн 4 бүрэлдэхүүн сургуулийн 15 лабораторийг 107 төрлийн 1444 ширхэг (4 сая ам.долларын өртөгтэй) тоног төхөөрөмжөөр хангаж, жилд дунджаар 8000 гаруй оюутан сургалтад ашиглаж байна.

2024-2026 онд төслийн сунгалтын хүрээнд:

  • 214,000 ам.долларын өртөгтэй ухаалаг анги 11 хичээлийн танхимд байгуулагдсан.
  • 76,000 ам.долларын өртөгтэй цахим сургалтын студи, тоног төхөөрөмжийг Нээлттэй боловсролын хүрээлэнд байршуулжээ.
  • 104,000 ам.долларын өртөгтэй цахим сургалт, судалгааны танхим ШУТТНС-д байгуулж, оюутан судлаачдад үйлчилж байна.
  • Байгалийн шинжлэх ухааны сургалтад зориулан 439,000 ам.долларын өртөгтэй 349 багаж төхөөрөмжийг ХШУС болон бусад салбар сургуульд хүлээлгэн өгсөн.

 

Монголын инженер, технологийн салбарт мэргэжилтэн бэлтгэх хэрэгцээ өндөр хэвээр байгаа тул Боловсролын болон Сангийн яамнаас Японы талтай хамтран MJEED-2 төслийг хэрэгжүүлэх талаар урьдчилсан судалгааг ЖАЙКА байгууллага хийж байна. Цаашид ахисан түвшний сургалт, мэдээлэл холбоо, хиймэл оюун ухаан, эрчим хүч зэрэг чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр ажиллаж байна.

Affiliated schools