link
Гадаад хэлний сургуулийн хамт олон бид үүсэн байгуулагдсан түүхт 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан арга хэмжээнүүдээ товчоолон хүргэж байна. Манай сургууль анх зөвхөн инженер, техник, технологийн мэргэжлийн оюутнуудад гадаад хэл заадаг байсан бол өнөөдөр хэл шинжлэлийн салбарт 1800 гаруй бакалавр, магистр, доктор зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэн гаргасан; хурдтай хөгжиж буй орчин үеийн эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцүүлсэн орос, англи, япон, хятад, солонгос хэлний техник, технологийн орчуулагч бэлтгэдэг; сургалт, судалгааны байгууллага болсон төдийгүй эрдэмтэн багш нар маань эрдэм шинжилгээ, судалгааны ажлынхаа үр өгөөжийг дээшлүүлснээр хэрэглээний хэл шинжлэл, нэр томьёо судлал, мэдээллийн технологид суурилсан гадаад хэл заах арга зүйн судалгаагаар үндэсний хэмжээний дэг сургууль болох том зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Эрдэм шинжилгээ

Шинжлэх ухаан, технологийн хөгжилд тулгарч буй нэр томьёотой холбоотой асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, шинжлэх ухаан, технологи, боловсролын хөгжилд нэр томьёоны гүйцэтгэх үүрэг, ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах, орчин үеийн нэр томьёоны шинжлэх ухааны өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар олон улсын эрдэмтэн судлаачидтай мэдээлэл солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор 2022 оны 7 сарын 8-нд ШУА-ийн ХЗХ, УИХ-ын Тамгын газар, МУ-ын Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Олон улсын нэр томьёоны мэдээллийн төв, МУ-ын ШУА, МУИС, МУБИС, Стандартчилал хэмжил зүйн газартай хамтран “Нэр томьёо ба шинжлэх ухаан, технологийн хөгжил” сэдэвт ОУ-ын ЭШХ зохион байгуулсан. ЭШХ-д ШУТИС-ийн ХШУС, МХТС, МеТС, БАС, ЭХС, ҮТС хамтран оролцож ЭХС-ийн С.Батмөнх, Б.Бат-Эрдэнэ, П.Бямбацогт нар “Эрчим хүчний салбарын нэр томьёоны хэрэглээ, түүнд тулгарч буй асуудал”, ГХС-ийн Г.Томтогтох, Д.Дуламсүрэн нар “Техник технологийн нэр томьёо дахь төрөл үгийн хэрэглээ”, Б.Дэлгэрмаа “Нэр томьёоны тогтолцоо дахь техник, технологийн нэр томьёоны байр суурь, онцлог”, Р.Бигэрмаа “Баримт бичгийн стандартын нэр томьёо, түүний хэрэглээ”, С.Баасанжаргал “Техник технологийн эрдэм шинжилгээний эхээс нэр томьёог Sketch Engine программаар түүвэрлэх нь”, Ц.Мөнхдэлгэр, Б.Содном нар “Уул уурхайн геотехникийн мэргэжлийн нэр томьёог зөв оноож хэвшүүлэх нь” илтгэлийг тус тус хэлэлцүүлэв.
“Хэл ба дэвшилтэт технологи (LANGUAGE AND ADVANCED TECHNOLOGY) эрдэм шинжилгээний бага хурлыг 2022 оны 11 сарын 9-ний Лхагва гаригт /ШУТНС 604 тоот, 14:00 цаг/ зохион байгууллаа. Хурлаар Гүн мэдрэлийн сүлжээнд суурилсан монгол хэлний ярианы синтезийн судалгаа, Монгол бичгийн программууд, түүний хэрэглээ, Цахим сургалтын асуудал, шийдлийн тухай, Үгийн сангийн хөмрөг хэрхэн байгуулах болон анхаарах зүйлс, Цахим хэл шинжлэлийн зарим программыг эх хэлний сургалтад хэрэглэж буй тухайд зэрэг дэвшилтэт технологийг хэлний судалгаанд хэрхэн ашиглаж буй талаарх судалгаанууд хэлэлцүүлэгдлээ.
Түүнчлэн Техник, технологийн дискурсийн метафорын судалгаа, Монгол оюутнууд англи хэлний ялгац гишүүнийг хэрхэн хэрэглэж буй талаарх судалгаа, Монгол хэлийг гадаад оюутанд тонгоруу сургалтын аргаар заасан туршилт судалгааны үр дүн зэрэг танихуйн хэл шинжлэл, гадаад оюутнуудад монгол хэл заах арга зүй, монгол оюутнуудад англи хэл заах арга зүйн сэдвээр хийгдсэн судалгаанууд хэлэлцүүлэгдсэн. Нийт 9 илтгэл ирж 8 илтгэл хэлэлцүүлсэн. ЭШХ-д ШУА-ийн ХЗХ, МУИС-ийн Дорнод дахь салбар сургууль, Монгол Германы техникийн дээд сургууль, СУИС, ШУТИС-ийн Мэдээлэл холбооны технологийн сургууль, Гадаад хэлний сургуулийн багш, судлаач, ахмад багш нар оролцлоо.
Профессор багш нарын судалгааны бүтээлийг эргэлтэд оруулах зорилгоор 2008 оноос эхлэн эрхлэн гаргаж буй “Хавсарга хэл шинжлэл” эрдэм шинжилгээний бичигт олон улсын сэтгүүлийн ISSN 2790- 9131 дугаар авч, ГХС байгуулагдсаны 30 жилийн ой угтан “Хавсрага хэл шинжлэл №18” /ISSN 2790-9131/ сэтгүүл эрхлэн гаргалаа. Энэ дугаарт бид сургалтын хөтөлбөр, хэлний хэрэглээ, нэр томьёо судлал, орчуулга зүй, гадаад хэл заах арга зүй, сургалтын цахим технологи зэрэг асуудлаар судалгаа хийж буй судлаач, багш, эрдэмтдийн хамтын ажиллагааг дэмжих, харилцан туршлага судлах, хичээлийн үр өгөөжийг сайжруулах боломжийг эрэлхийлэх, судалгааны ажлын явц, цаашдын чиг хандлагыг сурталчлан таниулах зорилго бүхий эрдэм шинжилгээний 14 өгүүлэл хэвлүүлсэн. Түүнчлэн ГХС-ийн багш нарын зохиосон ШУТИС-ийн ахисан түвшний сургалтад ашиглах англи хэлний сурах бичиг, мэргэжлийн англи хэлний орчуулагчийн ангид ашиглах англи хэлний дүрэм ба үгийн сангийн сурах бичиг, техникийн солонгос хэл, техникийн хятад хэлний сурах бичгийн танилцуулга хэвлэгдэн, олны хүртээл боллоо. Хамтын ажиллагаа
Енсей их сургуулийн Өрнө Дорны судалгааны хүрээлэнтэй 2021.08.23-ны өдөр Хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэн "Yonsei-KF Global E-School" төслийг Korea Foundation буюу Солонгос сангийн санхүүжилттэй хэрэгжүүлж Ёнсей их сургуулийн 3 профессор цахимаар хичээл орж байна.
2022.06.08-нд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнтэй хамтран ажиллах Санамж бичиг байгуулав. ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн болон ШУТИС-ийн Гадаад хэлний сургуулийн профессор, багш, судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын түвшинд хүргэсэн судалгаа хөгжүүлэлтийг хийх, судалгааг сургалттай нягт холбох, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэдлэг чадвар бүхий мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо.
Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо 2022 оны 5 сарын 26-ны өдөр ШУТИС-ийн сургалт, судалгаа, инновацийн ажлын үр дүнг танилцуулах өдөрлөгт ГХС сургалт, судалгааны үр дүнгээ танилцуулав. ШУТИС-ийн мэргэжил сурталчлах өдөрлөг нь хөдөө орон нутагт суралцаж буй сурагчдад их сургуулийн сургалтын хөтөлбөрүүдтэй танилцах, ирээдүйн мэргэжлээ сонгоход нь дэмжлэг үзүүлэх боломж, бололцоог нээж өгч байгаагаараа онцлог болсон юм.
Сургалт, сурах бичиг, гарын авлага, нэг сэдэвт бүтээл
ГХС-ийн Эрдмийн зөвлөлийн 2021 оны 5 сарын 19-ний хурлаар ГХС-ийн зөвлөх профессор, доктор профессор Г.Томтогтохын эрдэм судлалын бүтээл нь ШУТИС-ийн “Манай эрдэмтэд” эрдэм шинжилгээний цувралд хэвлүүлэх болзол хангасан тул хэвлүүлэхийг дэмжин, зардлыг ШУТИС-ийн ном сурах бичиг хэвлүүлэх журмын дагуу гаргахаар шийдвэрлэж 2022 оны 11 сард Манай эрдэмтэд цувралын №84 дугаарт Г.Томтогтох профессорын эрдэм судлалын ажлын бүтээлээс дээжлэн “Хэл: сургалт судалгаа” бүтээл хэвлэгдэв.
2022 оны 11 сард эзэмшсэн мэргэжлээрээ эрхэлсэн ажилдаа үнэнчээр зүтгэж, сурган хүмүүжүүлэх, судлан шинжлэх, мэргэжилтэн бэлтгэх бүхнийг бүтээлцэж буй хамт олныхоо ажил үйлс, амжилт бүтээлийг дурдан, хамтдаа өнгөрүүлсэн гурван арванаа дурсаж, дүгнэж, цаашдын 30 жилээ төлөвлөсөн “Гадаад хэлний сургуулийн түүхэн замнал 30 жил” түүхэн номыг хэвлэн гаргав. Номд Захиргаа, Захирлын зөвлөл, Сургалт, чанарын алба, Хөтөлбөрийн дэд хороо, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа, Эрдмийн зөвлөл, Хэрэглээний хэл шинжлэлийн салбар, Ази судлалын салбар, Англи хэлний тэнхим, Англи хэлний академи, Санхүү, Багшийн хөгжлийн баг, Оюутны зөвлөл, ҮЭ-ийн хорооны үүсэл, хөгжил, үүрэг, зорилго, бүтэц бүрэлдэхүүн, хийж гүйцэтгэсэн болон хийж гүйцэтгэх үйл ажиллагаа болон багш, ажилтны танилцуулга, туурвисан ном, сурах бичиг, хамтын бүтээл, зохиогчийн эрхийн тухай мэдээллийг гадаад хэлний төв нээгдэж, улмаар тэнхим, сургууль байгуулах нөхцөл бүрдсэн, бүтэц өөрчлөгдөн шинэчлэгдсэн үеүдээр нь удирдлага, зохион байгуулалттай нь холбон өгүүлсэн. 352 нүүр бүхий номд одоо ажиллаж байгаа 96 багш, ажилтны танилцуулга болон 19 багш, ажилтны дурсамж, 12 оюутны дурсамж багтсан. 30 жилийн түүхийн номыг Ази судлалын салбарын багш Ч.Оюунгэрэл, Б.Сонинцэцэг, Н.Мөнхжаргал, захирал Ц.Энхбаатар нар эмхэтгэж, редакторлалаа. Ойн ном хэвлүүлэхэд ҮЭХороо 1 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. 

2022 оны 11 сарын 10-нд ГХС-ийн 30 жилийн ойн хүрээнд Англи хэлний тэнхимийн профессор, багш нарын бүтээлийг таниулан сурталчлах зорилгоор ШУТТ номын сантай хамтран “Зохиогч уншигчийн уулзалт” зохион байгууллаа. Тэнхимийн эрхлэгч Ч.Золзаяа тэнхимийн сургалт болон хөтөлбөрийн онцлогийг, тэнхимийн дэд профессор доктор, дэд профессор Ж.Ганцэцэг өөрийн бүтээлийг, багш Б.Бурмаа, Л.Мөнхжаргал нар тэнхимийн багш нарын бүтээлийг тус тус танилцууллаа. Арга хэмжээний үеэр тус тэнхимийн ахмад багш, доктор, дэд профессор С.Дугармаад хүндэтгэл үзүүлж дурсамж гардуулсан ба ШУТТ номын сангийн захирал доктор, профессор Д.Оюунцэцэг Англи хэлний тэнхимд “Батламж” гардууллаа. Төгсөгчид, олон нийтэд чиглэсэн
2022 оны 4 сарын 16-нд ГХС-ийн 30 жилийн ойн хүрээнд “Эрүүл мэнд эрхэм баян - ГХС 30” уулын алхалтыг АСС зохион байгуулж Богд уулын Соёмбот толгойд амралтын нэг өдрийг дурсамжтай сайхан өнгөрүүлэв.

2021-2022 оны хаврын улиралд ШУТИС-ийн бакалаврын оюутанд зориулсан “Global leadership”, “Extensive Reading” профессор багш оюутанд зориулсан хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлсэн. Тус төсөл “Global Leadership” хөтөлбөрт 15 оюутан, “Extensive Reading” хөтөлбөрт 72 оюутан, ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн 27 багш амжилттай хамрагдан англи хэлний ур чадвараа хөгжүүлсэн. Мэдээ бэлдсэн
Н.Мэнд /ГХС ЭНБД/
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea