link

ШУТИС-ИЙН ТҮҮХТ 60 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ

ШУТИС-ийн үе үеийн нийт ахмадууд, эрдэмтэн профессор, багш нар, ажилтнууд, оюутан суралцагчид, төгсөгч, дэмжигчиддээ ШУТИС-ийн түүхт 60 жилийн ойн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье.

Тэртээ 1959 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоол, шийдвэрээр Монгол улсад анх барилгын инженер, аж үйлдвэрийн инженер-эдийн засагч мэргэжлээр үндэсний дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлснээр өнөөдрийн ШУТИС-ийн хөгжлийн гараа эхэлсэн түүхтэй билээ.

Өнгөрсөн хугацаанд салбараас тэнхим, тэнхимээс факультет, факультетаас дээд сургууль, дээд сургуулиас их сургууль болж хөгжих үйл ажиллагаа өрнөсөөр ПДС, ТИС-ийн үеийн хөгжлийн үе шатыг дамжиж өнөөдрийн ШУТИС 11 бүрэлдэхүүн ба харьяа сургууль, Бизнесийн ба Инженерийн ахисан түвшний сургууль, ШУТИС-Коосэн технологийн коллеж, ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль, эрдэм шинжилгээний 4 хүрээлэн, сургалт судалгааны 46 төв, 18 судалгааны профессорын баг, 20000 гаруй оюутан суралцагч, 2000 гаруй багш, ажилтантай Монгол Улсын инженер, технологийн тэргүүлэх их сургууль буюу дээд боловсрол, шинжлэх ухаан, технологи, соёлын нэг томоохон төв болоод байна.

“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-т ШУТИС сүүлийн 20 жилд Монгол Улсын дээд боловсролын салбарын өөрчлөлт, шинэчлэлтийг манлайлан сургалтын кредит систем, их сургуулийн удирдлагын мэдээллийн нэгдсэн систем, профессорын багийн зохион байгуулалт, нээлттэй их сургуулийн үндэс болох электрон сургалтын систем, инженерийн дээд боловсролын шинэчлэлийн олон улсын CDIO-ийн шинэ стандартыг сургалтад нэвтрүүлэх, байгууллагын болон хөтөлбөрийн олон улсын магадлан итгэмжлэл хийлгэх зэрэг олон шинэчлэл, өөрчлөлтийн анхдагч нь болсон юм.

ШУТИС-ийн профессор, багш нарын 40 гаруй хувь нь эрдмийн зэрэг, цолтой бөгөөд манай шинийг санаачлагч, эрдэмтэн судлаачид нано, био, гео-мэдээллийн технологи зэрэг орчин үеийн шинжлэх ухааны олон чиглэлээр судалгаа шинжилгээний ажил амжилттай эрхэлж, дэвшилтэт технологийг эзэмшин үндэсний үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд хувь нэмрээ оруулсаар байна.

ШУТИС-ийн гадаад харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж, өнөөдөр гадаадын 200 гаруй их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран ажиллаж гадаадын 20 гаруй их сургуультай хамтарсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Бид өнгөрсөн 60 жилийн хугацаанд хугацаанд нийт 140 гаруй мэргэжлээр инженер, технологийн дээд боловсролтой 80 мянга гаруй мэргэжилтнийг бэлтгэн гаргасан бөгөөд манай төгсөгчид эх орныхоо өнцөг булан бүрт эзэмшсэн мэргэжлээрээ үр бүтээлтэй ажиллаж, улс орны их бүтээн байгуулалт, барилга, тээвэр, холбоо, эрчим хүч, геологи, уул уурхай, хөнгөн, хүнсний аж үйлдвэрийн болон эдийн засаг, нийгмийн олон салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж ирсэнд бид зүй ёсоор бахархаж байдаг юм.   

Эх орондоо инженерийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх их үйл хэргийн  нэгэн жарны түүхийг бүтээж яваа манай сургуулийн эрдмийн хамт олны дундаас олон зуун эрдэмтэн, ардын цолтон, улсын гавьяатан, төрийн шагналтан, төр, нийгмийн зүтгэлтэн тодорч, төгсөгчдөөс Монгол Улсын хөдөлмөрийн баатар, алдар гавьяатнууд, төр нийгэм, үйлдвэрлэл бизнесийн салбарын шилдэг удирдагч, менежерүүд, инженер, технологич, эдийн засагч, хөдөлмөрийн сайчууд олноороо төрөн гарсан билээ.

ШУТИС судалгаанд суурилсан, олон улсад нэр хүнд бүхий тэргүүлэх их сургууль болон хөгжих зорилтын хүрээнд судалгаа, инновацын дэд бүтцээ бүрдүүлэх зорилгоор тус сургуулийн “Эрдэм шинжилгээ, технологи, инновацын төв” болох VIII байрыг шинээр барьж, ашиглалтад хүлээн авч байгаа нь түүхт 60 жилийн ойн хүрээнд хийгдэж буй томоохон бүтээн байгуулалт юм.

Монгол улсын хөгжлийг түүчээлэн, манлайлагч, бүтээлч, оюунлаг, эвсэг хамт олны Эрхэм гишүүн Танд энэхүү түүхт 60 жилийн ойн баярын халуун мэндийг дахин дэвшүүлж,  ажлын их амжилт, эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ШУТИС-ийн РЕКТОР, Проф. Б.ОЧИРБАТ

Affiliated schools