Хичээлийн шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье!

ШУТИС-ийн нийт профессор, багш, ажилтан, оюутан суралцагч та бүхэндээ 2021-2022 оны хичээлийн шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье!

     Өнгөрсөн хичээлийн жилүүдэд коронавируст (Covid-2019) цар тахлын тархалтыг бууруулах зорилгоор хөл хорио тогтоосны улмаас их сургуулийн сургалтын үйл ажиллагаа цахим хэлбэрээр явагдсан. Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн хамт олон цахим хичээлийн бааз, тоног төхөөрөмжид тулгуурлан цахим хэлбэрээр сургалтын үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулж, цахим хичээлийг хөгжүүлэх, нийтэд нээлттэй дижитал сургалтын орчинг бий болгох, бүрэлдэхүүн сургуулиудад цахим сургалтын “Ухаалаг танхим”-ыг байгуулах, техник хэрэгслээр хангах ажлуудыг шат дараатай хийж гүйцэтгэлээ. Түүнчлэн ШУТИС-ийн серверийн хүчин чадлыг 50 хувиар нэмэгдүүлж аудио, видео хичээлүүдийг сургалтын системд бүрэн байршуулах боломжтой болгосон. Эдгээр ажлын үр дүнд манай оюутан суралцагчид цахимаар амжилттай суралцах, багш нар сургалтаа үр дүнтэй явуулах арвин туршлага хуримтлуулж чадлаа.

     Бид 2020-2021 оны хичээлийн жилд их сургууль, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилт дэвшүүлэн, Рио Тинто ХХК, Оюу толгой ХХК, Эрдэнэт-үйлдвэр ТӨҮГ, Эрдэнэс Тавантолгой ХК, Шарын гол ХХК, Багануур ХК, Вагнер ази тоног төхөөрөмж ХХК, Витафит инвест ХХК, Цайрт минерал ХХК, Цэцүүх трейд ХХК, АНУ-ын Жорж Мейсоны их сургууль, Сөүлийн Шинжлэх ухаан, технологийн их сургууль зэрэг үйлдвэр, аж ахуйн байгууллага, их сургуультай хамтран ажилласны үр дүнд оюутан, суралцагчдын авьяас, суралцахуйг дэмжсэн тэтгэлэг олгох, сургалтын үйл ажиллагааг орчин үеийн техник, программ хангамжаар хангах боломжуудыг бүрдүүлээд байна.

     2021-2022 оны хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагааг танхим, цахим  хосолсон хэлбэрээр чанартай, тэгш, хүртээмжтэй зохион байгуулж, сургалт, судалгаандаа ашиглах цахим эх сурвалжийн санг баяжуулан, үйл ажиллагаандаа чанарыг эрхэмлэх зорилго дэвшүүлэн ажиллах болно.  

     Бид шинэ хичээлийн жилээ угтан хичээлийн болон оюутны нийт байруудад засвар тохижилт, халдвар хамгааллын ажлыг бүрэн хийж сургалтын үйл ажиллагааг эхлүүлэхэд  бэлэн болголоо. Тус хичээлийн жилд ШУТИС-ийн УЗ-өөс оюутны сургалтын төлбөр, дотуур байрны төлбөрийг нэмэгдүүлэхгүй байхаар шийдвэрлээд байна. Профессор, багш, ажилтан, оюутан суралцагч Та бүхэн Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас сануулж буй халдвар хамгааллын дэглэмээ чанд сахин, эрсдлээс урьдчилан сэргийлж, коронавирусийн (Covid-2019) эсрэг вакциндаа бүрэн хамрагдахыг уриалж байна.

     Их сургуулийн нийт профессор, багш, ажилтан, оюутан суралцагч Та бүхэнд 2021-2022 оны хичээлийн шинэ жил, Монгол улсад орчин цагийн бүх нийтийн боловсролын тогтолцоо үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж, эрдэм оюуны ариун үйлсэд тань өндөр амжилт, эрүүл энх, аз жаргалын дээдийг хүсэн ерөөе!

 

 

ШУТИС-ийн Ректор  Б.Очирбат