ШУТИС-ийн шатрын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

Монголын Шатрын Холбоо, ШУТИС-ийн Гадаад Хэлний Сургуулийн Оюутны Зөвлөл, мөн ШУТИС-ийн Биеийн тамир, спортын тэнхимийн эрхлэгч Б. Ганзориг нар хамтран зохион байгуулсан ШУТИС-ийн багш, ажилтан, оюутан, төгсөгчид болон харьяа ахлах сургуулийн сурагчдын дунд зохион байгуулагдсан шатрын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн 2025 оны 12 дугаар сарын 13–14-ний өдрүүдэд ШУТИС-ийн номын санд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Тус тэмцээний зорилго нь шатрын спортыг ШУТИС-ийн хүрээнд түгээн дэлгэрүүлэх, багш, оюутнуудын хамтын ажиллагаа, харилцааг бэхжүүлэх, төгсөгчдийн эргэх холбоог сайжруулахад чиглэсэн юм.

Тэмцээний онцлог давуу тал нь Монголын Шатрын Холбооны дотоод чансаа тооцогдсон, мөн 4 сая төгрөгийн шагналын сантай, Улсын хэмжээний зохион байгуулалттай, Олон улсын шатрын холбооны дүрмийг мөрдөн явуулсан, өрсөлдөөн өндөртэй, чанартай, ач холбогдол бүхий тэмцээн болж зохион байгуулагдсанд оршиж байлаа.

Тэмцээнд нийт 83 тамирчин оролцсоноос:

  • Олон Улсын цолтой 21 тамирчин,
  • МШХ-ны дотоод чансаатай 50 тамирчин,
  • Шинээр чансаа авах 10 гаруй тамирчин өрсөлдөж, өндөр түвшний, үр дүнтэй тэмцээн боллоо.

Тэмцээний хүндэт ивээн тэтгэгчээр Х. Батчулуун, З. Бямбаа, М. Гүнбаяр, ерөнхий ивээн тэтгэгчээр Г. Энхбаяр нар ажиллаж, оюутан залуусын оюуны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсанд зохион байгуулагчдын зүгээс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Тэмцээний Ерөнхий шүүгчээр Л.Чойжилмаа багштай, ТТО Хятад хэл–1 дамжааны оюутан, Монголын Шатрын Холбооны Шүүгчдийн зөвлөлийн гишүүн, 2025 оны Алтан Бэрс номинацын шилдэг шүүгч, Олон Улсын Шүүгч С. Ган-Эрдэнэ амжилттай ажиллалаа.

Зохион байгуулагчаар:

  • ГХС-ийн Оюутны Зөвлөлийн гишүүн, ТТО Хятад хэл–3 дамжааны оюутан Б. Соёлмаа,
  • ТТО Хятад хэл–3 дамжааны оюутан Д. Дэлгэрцэцэг,
  • ТТО Хятад хэл–4 дамжааны оюутан Ц. Амгалангоо,
  • ГУУС-ийн 3-р дамжааны оюутан ҮШ Б. Чингүүн,
  • ТТО Англи хэл–1 дамжааны оюутан Т. Номинтуяа нар идэвх, зүтгэлтэйгээр ажиллалаа.

ТЭМЦЭЭНИЙ ДҮН

Эрэгтэй төрөлд:

  • I байр – МХТС-ийн оюутан, Спортын мастер Э. Эрхэмбаяр
  • II байр – МХТС-ийн оюутан, ҮШБ, Олон улсын мастер С. Ган-Эрдэнэ
  • III байр – ШУТИС-ийн ахлах сургуулийн төгсөгч, Олон улсын шатрын холбооны мастер Ц. Тэнгис

Тус тэмцээнийг амжилттай зохион байгуулахад дэмжин хамтран ажилласан нийт оюутан залуус, ХШУС-ийн тэнхимийн эрхлэгч Б. Ганзориг, ТТО–1-ийн зөвлөх багш Л. Чойжилмаа багш нартаа зохион байгуулагчдын зүгээс чин сэтгэлийн гүн талархал илэрхийлье.

Мөн энэхүү тэмцээнийг ивээн тэтгэж, оюутан залуусын оюуны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хүндэт эрхэм ивээн тэтгэгчиддээ бүх оюутан залуусын нэрийн өмнөөс гүн талархал дэвшүүлье.

Таатай мэдээ дуулгахад, энэхүү тэмцээн нь цаашид Монголын Шатрын Холбооны албан ёсны жилийн хуваарьт багтаж, жил бүр уламжлал болон зохион байгуулагдах, цаашлаад Олон улсын чансаа тооцогдох, шагналын сан нэмэгдэх зэрэг боломж, хэлэлцүүлгүүд яригдаж байгааг дуулгахад таатай байна.