“Монгол улсад үүлэн технологийн экосистемийг хөгжүүлэх” төслийн нээлт боллоо

БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА), Какао Энтерпрайз болон ШУТИС хамтран 3 жилийн хугацаанд 1.4 сая долларын санхүүжилттэй хэрэгжих “Монгол улсад үүлэн технологийн экосистемийг хөгжүүлэх” төслийн нээлт 2024 оны 5 сарын 07-ний өдөр болж өнгөрлөө. Уг арга хэмжээний үеэр ШУТИС-ийн захирал Т.Намнан, Какао Энтерпрайз-ийн дэд захирал Бэ Муон Жин нар ШУТИС болон Какао Энтерпрайз компанитай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ гэрээний үндсэн дээр ШУТИС, Какао Энтерпрайз хамтран үүлэн технологийн мэргэжилтэн бэлтгэх сургалт хийх, Какао-ийн хөгжүүлсэн үүлэн технологи дээр суурилсан олон улсад хэрэглэгдэхүйц үүлэн технологи хөгжүүлэх, Монгол улсад хэрэгжих үүлэн технологийн шийдлийг боловсруулах боломж бүрдэнэ гэж төлөвлөж байна.

КОЙКА-ийн Монгол дахь орлогч дарга Пэк Мин Жү, Какао Энтерпрайз-ийн төслийн зохицуулагч Чон Хван Сон зэрэг албаны хүмүүс мэндчилгээний үг хэлсэн бөгөөд  ШУТИС-ийн захирал Т. Намнан хэлэхдээ "Дэлхий дахинд шинжлэх ухаан, технологи хурдацтай хөгжиж олон улсад мэдээллийн технологийн салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэхэд ихээхэн анхаарч байна. ШУТИС ч гэсэн орчин үеийн чиг хандлагад нийцүүлэн Монгол улсад үүлэн технологийн салбарын хөгжлийг түүчээлэх зорилгоор БНСУ-ын тэргүүлэгч компани Какао Энтерпрайз болон КОЙКА олон улсын байгууллагатай үүлэн технологийн төслийг хэрэгжүүлэхээр болсонд баяртай байна. Энэ төсөл амжилттай хэрэгжиж Монгол инженерүүд дэлхийн зах зээлд гарч, Монголын улсын мэдээллийн технологийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах төсөл болно гэдэгт итгэж байна” гэж хэллээ. Какао Энтерпрайз компанийн гүйцэтгэх захирал Бэ Муон Жин хэлэхдээ “Какао Клаудын дэлхийн жишигт нийцсэн технологийг ашиглан ШУТИС-ийн оюутнуудыг үүлэн технологийн мэргэжилтэн болгон бэлтгэх нь Монгол улсын үүлэн технологийн салбар хөгжих үндэс болж Монгол улсын мэдээллийн технологийн өрсөлдөх чадвар сайжрахад тус төхөм болно гэдэгт итгэж байна” гэсэн байна.

Какао корпорац нь БНСУ-ын иргэдийн 90 хувь нь ашигладаг Какао мессенжер үйлчилгээ үзүүлдгээрээ танигдсан бөгөөд үндсэн 20 гаруй, жижиг 140 орчим компани бүхий томоохон корпорац юм. Какао Энтерпрайз нь БНСУ-даа тэргүүлдэг үүлэн технологийн үйлчилгээг үзүүлдэг компани юм.

Төсөл амжилттай олон жил хэрэгжиж Монгол улсад үүлэн технологийн үйлдвэрлэл хөгжүүлэхэд ШУТИС тэргүүлэн ажиллана гэдэгт илтгэж байна.