“Эрдэнэдрийлинг” ХХК Өрөмдлөгийн техник, технологийн танхимыг иж бүрэн тохижуулж, хүлээлгэн өглөө

ШУТИС-ийн ГУУС-ийн Газрын тос, өрөмдлөгийн салбарын Өрөмдлөгийн техник, технологийн танхимыг “Эрдэнэдрийлинг”ХХК иж бүрэн тохижуулж, хүлээлгэн өглөө. ШУТИС-ийн 60 жил, Монгол улсад “Өрөмдлөгийн инженер” бэлтгэж эхэлсний 40 жил зэрэг тэмдэглэлт ойнуудыг угтаж Б.Шихтулга захиралтай “Эрдэнэдрийлинг” ХХК төрөлх сургуульдаа  Өрөмдлөгийн техник технологийн танхимд 40 гаруй  сая төгрөгөөр иж бүрэн засвар тохижолтын ажил хийж, сургалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг шинэчилж 2018 оны 9-р сарын 3-нд сургууль, салбартаа хүлээлгэн өглөө. Танхимын нээлтийн үйл ажиллагаанд ШУТИС-ийн Захирал Б.Очирбат, Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, ГУУС-ийн захирал Л.Пүрэв, “Эрдэнэдрийллинг” ХХК-ий ерөнхий захирал  Б. Шихтулга, ГТӨС-ын эрхлэгч М.Оюунтөгс  болон ГУУС-ийн захирлын зөвлөлийн  гишүүд, Газрын тос, өрөмдлөгийн салбарын профессор багш, оюутнууд оролцов.

Уг танхим нь сүүлийн үеийн ухаалаг самбар, проектор, компьютераар тоноглогдсон, оюутнуудын сурах, профессор, багш нарын хичээлээ заах, ажиллах нөхцөл бололцоог бүрэн хангасан, үр дүнд суурилсан сургалтын арга зүйг хэрэгжүүлэх жишиг танхим болсон юм. Б.Шихтулга 1996 онд тус сургуулийг Газрын тосны өрөмдлөг, олборлолтын мэргэжлээр төгссөн. Техникийн ухааны магистр, Монгол улсын Мэргэшсэн инженер, манай шилдэг шавь нарын нэг.

2003 оноос эхлэн “Эрдэнэдрийлинг” ХХК нь Монгол улсын Уул уурхай, Хөдөө аж ахуй, Дэд бүтцийн салбаруудад геологи, гидрогеологийн өрөмдлөг, гидрогеологийн зөвлөх үйлчилгээ, усны нөөц тогтоох ажил болон гадаад худалдааны чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн байна. 15 жилийн хугацаанд нийт 3000 орчим гүний худгийн өрөмдлөг болон засвар үйлчилгээний ажлыг амжилттай гүйцэтгэж захиалагчдад хүлээлгэж өгсөн. Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Архангай, Өмнөговь, Дорноговь, Сэлэнгэ, Дорнод, Төв, Сүхбаатар аймгуудын нутагт Алтны үндсэн болон шороон ордууд, Зэс, нүүрс, төмөр, уран, шатдаг занар, газрын ховор элементийн ордуудад ашигт малтмалын хайгуулын өрөмдлөг, газар доорхи усны хайгуулын өрөмдлөг болон гидрогеологийн шавхалт туршилтын ажлуудыг тус тус хийж гүйцэтгэсэн туршлагатай компани юм.

ШУТИС-ийн 60 жилийн ой, Монгол улсад “Өрөмдлөгийн инженер” бэлтгэж эхэлсний 40 жилийн ой зэрэг тэмдэглэлт ойнуудыг угтаж сургуульдаа томоохон хөрөнгө оруулалт хийсэн "Эрдэнэдрийлинг" компанийн ерөнхий захирал Б.Шихтулга болон нийт хамт олонд нь гүн талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье.

ШУТИС-ийн ГУУС-ийн  Газрын тос, өрөмдлөгийн салбар