“Барилга, Архитектурын сургууль байгуулагдсаны 55 жилийн ой”


11-р сар. 18, 2014, 4:47 p.m.

МЭНДЧИЛГЭЭ

Сургуулийнхаа нийт эрдэмтэн профессор, багш, ажилтан, оюутнууд болон үе үеийн төгсөгч нартаа Барилга, Архитектурын Сургууль байгуулагдсаны 55 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье !
Улс орны хөгжлийн түүхэн үе шатанд үндэсний инженер техникийн мэргэжлийн боловсон хүчнийг гадаад дотоодод бэлтгэх зайлшгүй шаардлага бий болсонтой уялдуулан БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор 1959 онд МУИС-ийн бүрэлдэхүүнд Барилгын инженерийн ангийг нээснээр Барилга, Архитектурын Сургуулийн үндэс суурь тавигдсан түүхтэй. Өдгөө Барилгын инженер, Архитектур, Хүрээлэн буй орчин гэсэн 3 чиглэлээр инженерүүдийг бэлтгэдэг 181 профессор, багш ажилтантай бакалавр, магистр, доктор нийлсэн 4000 орчим оюутантай томоохон сургууль болтлоо өсөн дэвжсэн байна.
Манай сургуулийн эрхэм зорилго нь эх орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулахуйц шилдэг шинэ технологийг бүтээн бий болгох, дэлхийн олон их сургуулиуд болон эрдэмтэдтэй хамтран ажиллах, шинжлэх ухаан технологийн салбарт тулгамдаж буй олон асуудлыг шийдэх чадвартай боловсон хүчин бэлтгэх, судалгаанд суурилсан тэргүүлэх бүрэлдэхүүн сургууль болон хөгжихөд оршино. Энэхүү эрхэм  зорилгыг хэрэгжүүлэхийн тулд сургуулийн зүгээс сургалтын лаборатори, ном сурах бичиг, материаллаг бааздаа дүн шинжилгээ хийж, дэлхийн жишигт нийцүүлэн хөгжүүлэх тал дээр томоохон  зорилтуудыг тавин ажиллаж байгааг дурьдахад таатай байна.
Бид бүтээлч, чадварлаг боловсон хүчин болон оюутнуудыхаа мэдлэг, оюуны нөөц бололцоон дээр суурилсан улс орныхоо хөгжлийн хөдөлгүүр нь болохын төлөө хичээн ажиллах болно.
 
Бид дадлагажсан, мэргэшсэн, шинийг бүтээгч инженерүүдийг бэлтгэнэ.
 
Хүндэтгэсэн
БАС-ийн захирал Э.Нинжгарав, доктор (Ph.D), дэд профессор
 

 

 

Барилга, Архитектурын Сургууль байгуулагдсаны 55 жилийн ойн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Барилга, Архитектурын Сургууль