Зуны семинар амжилттай боллоо

ШУТИС болон ХБНГУ-н Кемницийн технологийн их сургууль(КТИС)-тай хамтран ажиллах гэрээнд 2010 онд харилцан гарын үсэг зурсанаас хойш энэхүү гэрээний хүрээнд 2011 оноос эхлэн зуны хамтарсан сургалт семинарыг зохион байгуулж эхэлсэн юм.
2012 оны долдугаар сард болсон семинарт ОХУ болоод БНХАУ-ын эрдэмтэд уригдан оролцож илтгэл хэлэлцүүлснээрээ онцлогтой боллоо. Семинарт Монгол Улсаас ШУТИС-ийн КТМС-ийн багш Д.Оюунгэрэл, МУИС-ийн МКС-ийн дэд профессор, доктор (Ph.D) А.Амарзаяа, багш Ц.Навчаа, Татварын ерөнхий газрын мэдээллийн технологийн төвийн дарга Н.Нямдорж, "Chip design" ХХК-ий захирал Н.Нямдаг, ерөнхий инженер Т.Түмэнжаргал нар оролцож зайн сургалт, сургалтанд мэдээллийн технологи болон виртуаль лабораторийг ашиглах, embedded system сэдвүүдээр илтгэл хэлэлцүүллээ.

Семинарт урилгаар оролцож олон улсын харилцаа хамтын ажиллагааны талаар илтгэл тавьсан ОХУ-ын Новосибирик хотын техникийн их сургуулийн Гадаад харилцаа хариуцсан проректор профессор, доктор (Sc.D) Цой Е.Б.: “ШУТИС болон КТИС-уудтай манай сургууль олон жилийн турш амжилттай хамтран ажиллаж ирсэн сайхан туршлагатай. Энэ удаагийн семинарт олон сонирхолтой илтгэлийг дөрвөн орны залуу судлаач, багш нар хэлэлцүүлсэнд их таатай байна. Дараа жилийн зуны семинарт манай сургуулиас илүү өргөн бүрэлдэхүүнтэй оролцох тал дээр би анхааран ажиллах болно” хэмээн өгүүлэв.

 

БНХАУ-аас Zhejiang-н шинжлэх ухаан технологийн их сургуулийн (Zhejiang University of Science and Technology) дэд профессор Hua Wang уригдан оролцлоо.
Ийнхүү ШУТИС-иас санаачлан эхэлсэн зуны сургалт, семинар өргөжин тэлж хоёр улсын хэмжээнээс халин олон улсын сургуулиудын төлөөлөл оролцсон залуу эрдэмтэд судалгааны ажлаа хэлэлцүүлдэг, санал бодлоо солилцдог тогтмол семинар болох эхээ хатгалаа.
 Семинарыг Германы талаас КТИС-ийн Компьютерийн сургуулийн захирал профессор Волфрам Хардт (Wolfram Hardt) удирдан төслийн ажилтан Ариана Хэллэр (Ariane Heller), Монгол талаас тус сургууль дээр докторын дараах судалгаа ажил хийж байгаа ШУТИС-ийн ЭХИС-ийн профессор Т.Уранчимэг зохион байгууллаа.


Семинарын талаарх герман хэл дээрх мэдээллийг энд дарж үзнэ үү.