Япон улсын Элчин сайдын яам, JICA байгууллагын төлөөлөгчид МехТС-д айлчлав

Япон улсын Элчин сайдын яамны төлөөлөгчид, Жайка олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын мэргэжилтнүүд болон Инженер технологийн дээд боловсрол төсөл (MJEED)-ийн нэгжийн удирдлага МехТС-д зочилж, хичээлийн танхим, лабораториудтай танилцаж, уулзалт хийв.

Уулзалтад Японы элчин сайдын яамны 3-р нарийн бичгийн дарга Katanoda Tomoki, Жайкагийн Эрүүл мэнд, Боловсрол, Нийгмийн хамгаалал хариуцсан төлөөлөгч Fujita Eri, Жайкагийн Боловсрол, Нийгмийн хамгаалал хариуцсан төлөөлөгч Murakami Joji,  Жайкагийн Хөгжлийн хамтын ажиллагааны хүний нөөцийн албаны ажилтан Yoshida Tasuku, Жайкагийн Хөтөлбөрийн ажилтан Б.Эрдэнэчимэг, ИТДБ төслийн зохицуулагч Д.Намсрай, АзиаСийд Зөвлөх багийн ажилтан С.Баярцэцэг, ИТДБ төслийн ажилтнууд,  МехТС-ийн удирдлага, төслийн удирдагч нар оролцож санал солилцож, хамтын ажиллагааны талаар хэлэлцэв.

Тус уулзалтаар Монгол-Япон улсын хамтран ажилладаг байгууллага, их дээд сургуулиудын харилцааг улам бэхжүүлэх, MJEED төслийн шугамаар хэрэгжиж буй төслүүдийн үр дүнг бодитоор хэрэгжүүлэх, төслийн хүрээнд орж ирсэн тоног төхөөрөмжийн ашиглалтын явцтай танилцаж, төслийн үр дүнд бий болсон лабораторийг түшиглэн ШУТИС-д өндөр технологи шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх гарааны компани байгуулж Япон улсын компаниудтай холбоход дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлуудыг судалж, ажил хэрэг болгох тал дээр талууд санал нэгдэж, Япон улсаас Монгол улсад суугаа элчин сайдын тус сургуульд айлчлах бэлтгэлийг ханган ажиллахаар тохиролцов.

 

  

ШУТИС-ийн Механик, Тээврийн Сургуулийн Захиргаа