Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн музейн нээлт боллоо

ШУТИС-ийн музей 2019 оны 12 сарын 27-ны өдөр 11 цагт нээлтээ хийлээ. Нээлтэд сургуулийн удирдлага, эрдмийн зөвлөлийн гишүүд, ректорын зөвлөлийн гишүүд, профессор багш, ажилтан, оюутны төлөөлөл оролцов.

Өнгөрсөн хугацаанд тус сургуульд анх Геологийн музей байгуулах ажил 1961 оноос эхэлж, Монгол улсын ардын багш, Шинжлэх ухааны доктор, төрийн шагналт профессор Ж.Лхамсүрэн музейн үйл ажиллагааг үүсгэн санаачилж өнөөгийн Геологи, эрдэс баялгийн музейг 50 гаруй жил эрхлэн явуулж байна.

 

Мөн тус сургуулийн ойн баяр, томоохон арга хэмжээний үед сургуулийнхаа хөгжлийн түүхийг гэрэл зургаар харуулж нийтэд сурталчилж байсан бөгөөд харин 2009 онд сургууль байгуулагдсаны 50 жилийн ойгоор хичээлийн төв байрны 2 дугаар давхарт сургуулийн түүхийн музейг 300 орчим үзмэртэйгээр, 2001 онд Шинжлэх ухааны танин мэдэхүйн төвийг 30 гаруй бодит үзмэртэйгээр лабораторийн цогцолбор байранд тус тус нээн ажиллуулж байжээ.

ШУТИС-ийн хөгжлийн 60 жилийн ойн хүрээнд ШУТИС-ийн музей байгуулагдан үйл ажиллагаагаа эхлүүлж байна.

ШУТИС-ийн музей нь дотроо дараах хэсгүүдээс бүрдэж байна:

  • ШУТИС-ийн хөгжлийн түүхэн замнал: Энэ хэсэгт МУИС-ийн бүрэлдэхүүнд инженерийн салбарыг нээж хичээллүүлсэн 1959 оноос хойших хугацаанд сургуулийн мэргэжлийн салбарууд, Барилга инженерийн ба Политехникийн факультет байгуулагдан өргөжсөөр 1969 онд МУИС-ийн бүрэлдэхүүнд Политехникийн дээд сургуулийг НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн шугамаар байгуулж цаашид өргөжүүлэн бэхжүүлж, бие даасан Политехникийн дээд сургууль, Техникийн дээд сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль болон хөгжиж ирсэн түүхэн үе шатуудад сургуулийн удирдлага, зохион байгуулалт, багшлах боловсон хүчин сургалт эрдэм шинжилгээний материаллаг бааз хэрхэн бэхжиж, гадаад харилцаа өргөжин тэлж улс эх орондоо инженер техник, технологи менежмент, бизнесийн чиглэлийн 140 гаруй мэргэжлээр 80 гаруй мянган мэргэжилтэн бэлтгэсэн түүхэн үйл ажиллагааны үр дүнг тодорхойлолт, зураг, график, хүснэгтээр бэлтгэж харууллаа.
  • Археологийн хэсэг: Энэ хэсэгт ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн багш, археологич, эрдэмтэн Л.Эрдэнэболдын удирдлагаар зохион байгуулсан археологийн олдворуудаас тавьж үзүүллээ. Энэ хэсэг нь хүмүүнлэгийн салбарын эрдэмтэн, профессор багш нарын археологийн малтлага, судалгааны сүүлийн 10 жилийн ажлын үр дүнг илтгэсэн “Монголын эртний нүүдэлчдийн өв” нэртэй байх юм.
  • Шинжлэх ухааны гайхамшиг: багш, оюутан, залуучуудын техник технологийн талын мэдлэгийг гүнзгийрүүлэх зорилгоор 2001 онд ректороор ажиллаж байсан Д_Бадарчийн санаачлагаар ахмад багш С. Ишбалжир, багш Э.Эрдэнэбат нар “Шинжлэх ухааны гайхамшиг” нэртэй төв байгуулан түүнийг өргөжүүлэн бэхжүүлэх ажлыг хийж байсан боловч үйл ажиллагаагаа зогсоосон байсан тус хэсгийн үйл ажиллагааг дахин сэргээж үзүүлэхээр бэлтгэлээ.

 

 

Их сургуулийнхаа хөгжлийн үе шат, түүнийг зохиомжлон эмхтгэж олон нийтэд таниулах, сурталчилах, гадаад, дотоодын зочид, багш, ажилтан, ажилчид, оюутан, суралцагчдад үзүүлэх зорилгоор ажлын хэсэг 10 гаруй сарын хугацаанд ажиллаж, ажил хэрэг болгосны үр дүнд мэдээллийн багтаамж сайтай, түүх, шинжлэх ухааны хөгжлийн үйл явдлуудаар баян, их сургуулийн нэгэн жарны хөгжлийг харуулсан 823 мкв талбай бүхий музей ийнхүү төрөн гарч байна.

ШУТИС-ийн түүхэн музей ийнхүү нээгдэж тогтмол үйл ажиллагаа явуулан сургууль хамт олноо сурталчилах, профессор багш, судлаачид, оюутнуудын сургалт, эрдэм шинжилгээний ажилд туслах зорилготойгоор шинэчлэн байгуулагдаж нээлтээ хийлээ.