БНСУ-ын ЭСЯ-ны нэрэмжит спортын нөхөрсөг тэмцээнд ШУТИС-ийн оюутнууд тэргүүллээ

БНСУ-ын ЭСЯ-ны ивээл дор Монголын их дээд сургуулиудын солонгос хэл суралцагч оюутнуудын дунд зохион явуулдаг спортын 6 дахь удаагийн нөхөрсөг тэмцээн 2019.11.09-ны өдөр Этүгэн их сургууль дээр болж өндөрлөлөө. Уг спортын нөхөрсөг тэмцээн эрэгтэй сагсан бөмбөг, эмэгтэй гар бөмбөг, багаараа олс таталт, багш нарын нөхөрсөг тэмцээн гэсэн 4 төрлөөр явагддаг ба ШУТИС-ийн ГХС-ийн солонгос хэлний техник технологийн орчуулагчийн анги, МХТС болон МеТС-н 2+2 хөтөлбөрийн ангийн оюутнуудын хамтарсан баг уг тэмцээнд оролцдог уламжлалтай юм. Энэхүү тэмцээн нь оюутан залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, ойртон нөхөрлөх боломж олгодог учир жилээс жилд оролцогчдын тоо нэмэгдэж,  илүү өрсөлдөөнтэй, сонирхолтой болсоор байна.

 

Энэ удаагийн тэмцээнд ГХС, МеТС-ийн хөтөлбөрийн ангийн оюутнуудын хамтарсан сагсан бөмбөгийн баг тэргүүн байр эзэлж алтан медаль, цом, ГХС, МХТС, МеТС-н 2+2 хөтөлбөрийн ангийн оюутнуудын хамтарсан баг олс таталтын тэмцээнд III байр, гар бөмбөгийн тэмцээнд шагналт байр тус тус эзэлсэн байна. Мөн сагсан бөмбөгийн шилдэг тоглогч MVP-р  ШУТИС МеТС-н 2+2 хөтөлбөрийн I ангийн оюутан Г.Хүдэрбаатар шалгарч цом, өргөмжлөл хүртлээ. ШУТИС-н багийн хувьд 2014 оноос уламжлал болон зохиогдох болсон энэхүү тэмцээнд 2015 онд эрэгтэй сагсан бөмбөгөөр тэргүүн байр, 2016 онд эмэгтэй гар бөмбөгөөр тэргүүн байр, дээсний төрлөөр тэргүүн байр, 2018 онд сагсан бөмбөгөөр гутгаар байр эзэлж байсан амжилтаа ийнхүү бататган ахиулж чадлаа. Оюутнуудаа нэгэн зорилго дор нэгтгэж, тэмцээнд бэлдүүлсэн Б.Номиндалай багшдаа болон тэмцээнд идэвхтэй оролцсон ШУТИС-аар овоглосон оюутнууддаа сурлага, спортын өндөр амжилт хүсье.

ШУТИС Гадаад хэлний сургууль