ШУТИС-ийн сэтгүүлийн зөвлөлийн гишүүд болон докторантуудад зориулсан арга хэмжээ

ШУТИС нь судалгааны их сургуулийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд эрдэм шинжилгээний сэтгүүлийн чанарыг дээшлүүлэх, докторын зэрэгтэй багш нарынхаа тоог өсгөх, судлаачдыг дэмжих, хөгжүүлэх чиглэлээр дараах арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна. Үүнд:

1.“ШУТИС-ийн эрдэм шинжилгээний сэтгүүлийн чанар, менежмент” семинар/2019.11.29/

Энэхүү семинар нь тус их сургуулийн хэмжээнд эрхлэн гаргаж буй сэтгүүлүүдийн редакцийн зөвлөлийн гишүүдийн дунд Монголын номын сангуудын консорциумын дэмжлэгтэйгээр 2 дахь жилдээ зохион байгуулагдлаа. 2018 оны 12 дугаар сард зохион байгуулагдсан анхдугаар семинараас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд ГУУС-иас эрхлэн гаргадаг “Mongolian Geoscientist” сэтгүүлийг МУ-ын ШУА-ийн онлайн систем JOL-д 2019 оны 1 дүгээр сард оруулснаар олон улсын түвшинд хянагддаг онлайн сэтгүүл болж, Google Scholar, Dimensions ЭШ-ний хайлтын системд индекслэгдээд байна. Өнөөдрийн байдлаар тус сэтгүүлийн хандалтын тоо 10740-д хүрээд байна.

Семинар дээр “Mongolian Geoscientist” сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Батхишиг тус сэтгүүлийн үйл ажиллагаа, зохион байгуулалт, цаашдын зорилтын талаар танилцуулж, олон улсад хянагддаг онлайн сэтгүүл болоод  жил хүрэхгүй хугацаа болж байгаа хэдий ч олон улсын сэтгүүлүүдэд хянан магадлагаа хийдэг JPPS байгууллагын шалгуур болох 1 од-ны шаардлага хангасан амжилтаа дурдлаа.

 

Эх сурвалж: JOL мэдээллийн сан, 2019.11 сар

Цаашид энэхүү түвшнээ ахиулахыг зорьж байна.Түүнчлэн ХШУС-иас анх удаа эрхлэн гаргаж буй “”Applied science and engineering A” сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга В.Өлзийбаяр сэтгүүлийн үйл ажиллагааг танилцуулж, цаашдын зорилтоо тодорхойллоо. Энэхүү сэтгүүл нь олон улсад хянагддаг ШУТИС-ийн 2 дахь онлайн сэтгүүл болох зорилтын хүрээнд бий болж буй бүтээл юм.

Монголын номын сангуудын консорциумын Удирдах зөвлөлийн дарга Л.Гантулга семинарт оролцогчдод сэтгүүлийн бодлого, стратеги, менежментийн талаар танилцуулж, редакцийн зөвлөлийн гишүүд, оролцогчидтой санал солилцлоо. Тус консорциум нь ШУТИС-ийн сэтгүүлүүдийг хөгжүүлэх, онлайн болгож олон улсын мэдээллийн сантай холбоход байнга хамтран ажиллаж, мэргэжлийн зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүлж байгааг дурдахад таатай байна.

2.“Эрдэм шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгэх арга зүй, оюуны өмчийн эрхийн хамгаалалт” докторантуудад зориулсан сургалт /2019.12.03/

2019 оны байдлаар эрдмийн зэрэг хамгаалахаар суралцаж буй ШУТИС-ийн 200 гаруй багш, ажилтан байгаа бөгөөд тэдгээрийн 130 орчим судлаачдад эрдэм шинжилгээний бүтээл туурвих арга зүйн зөвлөгөө өгөх сургалтыг дараах агуулгын хүрээнд явууллаа.Үүнд:

  • Эрдэм шинжилгээ, судалгааны арга зүй Б.Оюунтунгалаг, БАТС-ийн ахлах багш, доктор /Ph.D/

  • Эрдэм шинжилгээний өгүүллийг гадаад хэл дээр бичих арга зүйн зөвлөмж Ч.Золзаяа, ГХС-ийн Англи хэлний тэнхимийн эрхлэгч, доктор /Ph.D/ Скоот Пүтит, ГХС-ийн мэргэжилтэн багш

 

  • Судалгааны ажилд статистикийн аргуудыг хэрэглэх нь Б.Ууганбаяр, ХШУС-ийн ахлах багш, доктор /Ph.D/

  • Эрдэм шинжилгээний мэдээлэл хайх, Програм хангамж ашиглан ном зүйн сан үүсгэх, зохион байгуулахМНСК-ийн УЗ-ийн дарга Л.Гантулга

  • Оюуны бүтээлд эрхийн хамгаалалт хийлгэх үндэслэл, тавигдах шаардлага, оюуны бүтээлийг ашиглах ёс зүй  Б.Уянга, ТДТ-ийн мэргэжилтэн, доктор /Ph.D/

Тус семинар, сургалтыг цаашид бүрэлдэхүүн сургуулиуд тус бүр дээр зохион байгуулах боломжтой юм.

Эдгээр арга хэмжээг явуулахад мэдлэг, туршлага, сэтгэлээ зориулан хамтран ажилласан багш нар, мэргэжилтнүүд, Монголын номын сангуудын консорциумдаа талархлаа илэрхийлье.

 

 

Зураг. Докторантууд багаар ажиллаж байгаа нь.

Зохион байгуулагч:

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦИЙН ГАЗАР

ТЕХНОЛОГИ ДАМЖУУЛАХ ТӨВ

Холбоо барих утас: 11-318153