Удирдах зөвлөлийн даргын мэндчилгээ

 

 

Эрхэм хүндэт  ШУТИС-ийн захирал аа,

Эрдэмтэн профессор багш нар аа,

ШУТИС-ийн ажилтан ажилчид аа,

Оюутан залуус, үе үеийн төгсөгчид өө,

ШУТИС-ийг дэмжигч, хамтрагчид аа,

Эх орныхоо инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх их уурхай болсон төрөлх ШУТИС-ийн хамт олон Та бүхэнд ШУТИС-ийн 60 жилийн ойн баярын мэндийг ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье.

Манай их сургууль бол улс орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулж ирсэн баялаг өв уламжлалтай их сургууль билээ.

Дани улсын нэрт философч Сёрен Кьеркегор гэдэг хүн байдаг. Тэрээр “урагшаа харж амьдар, харин амьдралыг ойлгоё гэвэл эргэж хар” гэсэн байдаг.

Тэгвэл бидэнд өнөөдөр 60 жилийн түүхээ эргэн харж, туулж ирсэн замналаа ухаарч ойлгох, түүнээсээ сургамж авах ийм сайхан боломж олдож байна.

Манай оронд инженерийн боловсон хүчин бэлтгэж эхэлсэн 1959 он бол БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолын дагуу улсын ба хоршооллын бие даасан үйлдвэрийн газрууд ба туслах чанарын бүх үйлдвэр, мөн жижиг үйлдвэрийн тооллогыг явуулснаар 178 том, жижиг үйлдвэрийн газар, 73 туслах чанарын жижиг үйлдвэр, засварын газар тоологджээ. Улмаар улс орныг үйлдвэржүүлэх үйл явц эрчимжиж, социализмын материал техникийн бааз байгуулах зорилт дэвшүүлж байсан үе юм аа. Түүнээс гадна “Бүх орон даяар соёлын довтолгоо явуулах тухай” тогтоол гаргаж, насанд хүрэгчдийг бичиг үсгийн мэдлэгтэй болгох, ариун цэвэр, эрүүл, соёлч ахуйг хүмүүсийн амьдралд бүрэн нэвтрүүлж, дадал заншилтай болгох, эх нялхсыг хамгаалах, өргөн тархсан өвчнүүдийг устгаж үндсийг нь таслах, эх оронч, хамтач үзлийг бадруулах, биеийн тамир спорт, соёл олон түмний ажил, урлаг утга зохиолыг хөгжүүлэх зорилтыг дэвшүүлж байсан он жилүүд байжээ.

Ийм үед барилгын инженер, аж үйлдвэрийн инженер эдийн засгийн мэргэжилтэн бэлтгэх ажлыг эхлүүлж байсан байна.

 

1969 он бол Дархан, Эрдэнэт, Чойбалсан зэрэг аж үйлдвэрийн томоохон төвүүдийн үндэс суурь тавигдаж байсан үе юм. Ийм үед эх орондоо Политехникийн дээд сургууль байгуулах шийдвэрийг төр засгаас гаргасан бөгөөд тэр үед ЮНЕСКО-оос хөгжиж буй орнуудад инженерийн боловсролыг дэмжих 50 сая долларын төслийг НҮБХХ-тэй хамтран хэрэгжүүлж байсан завшаантай цаг үе тохиож, ПДС тэрхүү том төслийн хүрээнд багтсан байна.

1992 он бол ардчиллаар амьсгаалсан шилжилтийн эдийн засагтай хүндхэн үе байсан билээ. Ганцхан жишээ хэлэхэд 1992 онд манай улс картын системд шилжиж байлаа. Мал болон үйлдвэр, аж ахуйн газар, орон сууцыг хувьчилж эхэлсэн үе бөгөөд үндэсний үйлдвэр уналтанд орж байсан үе байлаа.

Ийм үед ПДС-ийн статусыг их сургууль болгон өөрчилсөн нь инженерийн боловсролыг дэмжих сэтгэл зүйн чухал ач холбогдолтой болсноос гадна гадаадын улс оронтой харьцахад илүү бололцоо боломж олгосон юм.

2002 он гэхэд манай их сургууль  монголын дээд боловсролын салбарын өөрчлөлт шинэчлэлийг манлайлах тэргүүлэх их сургуулийн эгнээнд хүрч чадсан учраас Засгийн газраас манай их сургуулийн нэрийг олон улсын нийтлэг жишигт дүйцүүлэн өөрчилсөн билээ.

Сүүлийн 20 орчим жилд ШУТИС маань эрдмийн потенциалаа,  судалгааны ажлын үр дүнгээ дэлхийн хэмжээнд үнэлүүлэх залуу эрдэмтдээр сэлбэж, лабораторийн баазаа нарийн багаж төхөөрөмжөөр шинэчилж, сурах орчноо шинэ номын сан, хичээлийн байраар өргөтгөж чадсан байна.

 Энэ баярын өдрүүдэд та бид энэ их сургуулийн тулгын чулууг тавьж байсан ахмад үеийнхнийгээ бахархан дурсаж, тэдний үйл хэргийг цаашид хэрхэн үргэлжлүүлэх талаар хэлэлцэн ярилцах нь зүйтэй болов уу.

Энэ их сургуулийн түүхийг бичилцэж байсан ахмад үеийн эрдэмтэн, профессор, удирдах ажилтнуудыг бид мартах учиргүй. Энэ их сургуулийн эхлэлийг тавихад Дондогийн Цэвэгмид, Намсрайн Содном,  Лувсангийн Дугаржав, Бат-Очирын Лувсанцэрэн, Самдангийн Дашдаваа зэрэг монголын сор болсон эрдэмтэн, удирдагчид онцгой үүрэг гүйцэтгэснийг эргэн санахад таатай байна. ПДС-ийн түүхэн хөгжил, амжилт бүтээл бол Ардын багш, академич Чилхаажавын Авдай докторын нэртэй салшгүй холбоотойг та бүхэн сайн мэдэж байгаа. Авдай багш маань одоо хүртэл төрөлх сургуулийнхаа хөгжил дэвшилд өөрийн оюун эрдмээ зориулсаар явж байна. Түүнээс гадна сургалтын чанарыг өндөр түвшинд хүргэсэн Б.Дамбийням, Н.Должинжав, С.Ишбалжир, Л.Гүржав, Н.Цэнд, Ж.Чулуунхүү, Д.Дагвадорж, А.Батнасан, С.Дэнзэн, Б.Хаймчиг, П.Санги-Очир, Д.Догсом зэрэг олон ахмад багш нарынхаа оруулсан хувь нэмэр, гэгээн дурсгалыг дурдахад таатай байна.   

Өнөөдөр ч их сургуулийнхаа төлөө санаа сэтгэл нь уяатай яваа олон арван ахмад багш нарынхаа нэрийг би бүгдийг нь дурдаж чадахгүй учир та бүхэнд эрүүл энх аз жаргал урт удаан наслахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

Мөн намайг ректороор ажиллаж байхад надтай хамтарч ажиллаж байсан үе үеийн проректорууд, албад газрын дарга нар, салбар сургуулийн удирдах ажилтнууд болон захиргааны ажилтнууддаа баярын мэнд дэвшүүлж, хамтран ажиллаж их сургуулийнхаа хөгжил дэвшилд дорвитой хувь нэмэр оруулж байсан явдалд энэ завшааныг ашиглан хувиасаа талархал дэвшүүлье.

Эцэст нь, түрүүн дурдсан Серен Кьеркегорын  бас нэг ийм үгийг дурдая.  

“Урагшаа тэмүүлнэ гэдэг бол тайван байдлаа алдахыг хэлнэ. Харин байран дээрээ үлдэхийг хүсвэл өөрийгөө алдах болно” гэж хэлжээ.

Ийм учраас ШУТИС маань урагшаа тэмүүлж, ирэх жаран жилдээ дэлхийд данстай тэргүүлэх их сургууль, эрдэм оюун, авьяас билигийн цөм, инноваци бүтээлийн ундарга байхын ерөөл дэвшүүлье.

Энэ зорилгыг хэрэгжүүлэх замын зураглал болох ШУТИС-ийн хөгжлийн стратеги-2030 баримт бичгийг боловсруулж удахгүй Удирдах зөвлөлөөр батлуулан хэрэгжүүлэх ажилд орохоор бэлтгэж байна.

ШУТИС-ийн нийт хамт олон та бүхэнд 60 жилийн ойн баярын мэндийг дахин дэвшүүлж, улс орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулах, шинэ цагийн “соёлын довтолгоо”-г амжилттай хэрэгжүүлэх их үйлс хэрэгтээ өндөр амжилт  гаргахыг хүсэн ерөөе.