60 жилийн ойд зориулсан “CONSTRUCTION & INNOVATION” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа

ШУТИС-ийн Барилга, Архитектурын Сургуулийн үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойд зориулсан “Construction and Innovation” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Best Western Premier Tuushin Hotel-ийн Соёмбо танхимд амжилттай зохион байгуулагдлаа. Эрдэм шинжилгээний хурлыг нээж Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн захирал доктор (Ph.D), профессор Б.Очирбат, Барилга Архитектурын Сургуулийн захирал доктор (Ph.D), дэд профессор Э.Нинжгарав нар үг хэлэв.

 

Хурлын арга хэмжээнд бүрэлдэхүүн сургуулийн захирлууд, Барилга Хот байгуулалтын яам, Монголын Архитектурын Эвлэл, Шинэ монгол технологийн дээд сургууль, ТЕСО корпорац, Bayars construction ХХК, Хөх үзүүр ХХК, Art Construction ХХК-ийн төлөөлөл, үе үеийн төгсөгч нар идэвхтэй оролцов.

Япон улсын Tokyo City University-ийн профессор Shunji Kusayanagi “The Human Development Scheme in Civil Engineering Field based on the International Universities Collaboration”, БНСУ-ын Seoul National University-ийн Барилга, Хүрээлэн буй орчны салбарын эрхлэгч Jae Young Kim “Waste Management Policies and Graduate Program for Circular Economy in South Korea” сэдвээр урилгын илтгэл уншив.

 

Уг эрдэм шинжилгээний хурал нь Civil Engineering, Environmental Engineering, Architecture and Urban Planning гэсэн 3 салбар хуралдаантайгаар явагдсан бөгөөд Япон, БНСУ, ОХУ, Франц, Монгол улсын 23 илтгэгч нар 18 аман илтгэл, 5 ханын илтгэл хэлэлцүүлэв.

 

 

Барилга Архитектурын Сургуулийн эрдэм шинжилгээний “Construction and Innovation” сэтгүүлийн анхны дугаарыг 24 өгүүлэлтэйгээр эрхлэн гаргав.

 

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн ууган сургууль болох Барилга Архитектурын Сургуулийн 60 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлж буй профессор багш, эрдэмтэн судлаач, ажилтан нартаа баярын мэнд хүргэж цаашдын эрдэм судлалын ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье.

Мэдээ бэлтгэсэн: Ц.Оюунцацрал, О.Мөнхчимэг