ХШУС-ийн зохион байгуулсан “FICASE 2019” олон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө

ШУТИС-ийн  60 жилийн ойг угтан "First International Conference on Applied Sciences and Engineering- FICASE 2019”  олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Хэрэглээний шинжлэх ухааны сургууль 2019 оны 4 дүгээр сарын 5-6-ны өдрүүдэд зохион байгуулав.

Энэхүү хурлын зорилго нь Хэрэглээний Шинжлэх Ухааны салбар дахь олон улсын эрдэмтэн судлаачид, инженерүүдийн судалгааны ажилтай танилцах, харилцан мэдлэг туршлагаа солилцох, цаашид хамтарсан судалгаа, шинжилгээний ажил, төсөл хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлэх, Монгол эрдэмтдийн судалгааны ажлын түвшинг дэлхийн жишигт ойртуулахад оршино. 

 

Орчин үед онолын суурь судалгаа, хэрэглээний шинжлэх ухааны судалгаа нягт холбоотой, нэг нэгнээ нөхөн хөгжиж байна. Энэ нягт холбоо нь нийгэм, эдийн засаг, инженер, технологийн олон чухал асуудлыг илүү амжилттай шийдэх үндэс болж байгаа юм.

“FICASE 2019” хурлын онцлог нь математик, физик, хими гэх мэт суурь шинжлэх ухааны салбарууд анх удаа нэгдэж Монголд хуралдаж байгаагаараа онцлог бөгөөд 2 жилд нэг удаа зохион байгуулагдаж байхаар төлөвлөөд байна.

Хуралд ШУТИС-ийн захирал доктор, профессор Б.Очирбат, Монгол Улсын Ерөнхийлөгчийн эдийн засаг, аж үйлдвэрийн асуудал хариуцсан зөвлөх Ц.Эрдэнэбат, УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны зөвлөх Ж.Чимгээ, БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга, доктор С.Мөнхбат, МУИС-ийн эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал, доктор, профессор Б.Очирхуяг, ШУТИС-ийн дэд захирлууд, бүрэлдэхүүн сургуулийн захирлууд, профессор багш нар оролцлоо.

Энэ удаагийн хуралд гадаадын 7 орны 30, манай 215 орчим эрдэмтэн судлаачид оролцож хэрэглээний математик, хэрэглээний хими, биофизик, биотехнологи, хүрээлэн буй орчин, нано шинжлэх ухааны чиглэлүүдээр 120 орчим  илтгэлүүдийг амжилттай хэлэлцүүллээ.

Манай хуралд ХБНГУ-ын Дармштадтын Техникийн их сургууль, Аахен Технологийн их сургууль, Бранденбургийн Технологийн их сургууль, Япон улсын Акита их сургууль, Кумамото их сургууль, БНХАУ-ын Нанжин Техникийн их сургууль,  Баруун хойд Политехникийн их сургууль,  Өвөр Монголын Аж Үйлдвэрийн Их сургууль, Нари групп, ОХУ-ын Эрхүүгийн Их сургууль, Буриадын Дорнод Сибирийн Технологи, Менежментийн их сургууль,  Чех улсын Техникийн их сургууль, Лаосын үндэсний их сургуулийн төлөөлөгчид, эрдэмтэн профессор, судлаачид оролцсон бөгөөд нэгдсэн хурлаас гадна “Mathematic and Computational Science”, “Chemical Technology and Engineering”, “Physics and Environmental Sciences” гэсэн салбар хуралдаанаар өөрсдийн судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг хэлэлцүүлэв.

 

"First International Conference on Applied Sciences and Engineering- FICASE 2019”  олон улсын эрдэм шинжилгээний хуралд дээрх гадаадын их сургуулийн эрдэмтдээс гадна ШУТИС, МУИС, МУБИС, Улаанбаатар их сургууль, ХААИС, СЭЗИС, ШУА-ийн Физик технологийн хүрээлэн, Хими, химийн технологийн хүрээлэн, МУИС-ийн Математикийн хүрээлэн, Нийслэлийн байгаль орчны газрын эрдэмтэн судлаачид өөрсдийн судалгааны шинэ үр дүнгүүдээрээ илтгэл тавьж оролцлоо.

 Хурлын ерөнхий зохион байгуулагчаар ШУТИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургууль, БНХАУ-ын Нари групп ажиллав. Мөн БСШУСЯам, Шинжлэх Ухаан Технологийн сан, Нийслэлийн Байгаль Орчны газар, МУИС, БНХАУ-ын Наньжингийн Технологийн их сургууль  зэрэг нийт  17 байгууллага хамтран зохион байгуулагчаар оролцож 10 байгууллага, компани санхүүгийн дэмжлэг үзүүлэв.

Хуралд гадаадаас ирсэн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ШУТИС-ийн ХШУС-тай бакалаврын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж байгаа БНХАУ-ын сургуулийн төлөөлөгчид өргөнөөр оролцлоо. ХШУС нь Нанжингийн Технологийн Их сургуультай “Үйлдвэрийн экологи 2+2”, Баруун Хойд Политехникийн Их Сургууль/Xi’an, NPU/ -тай “Статистик 2+2”, ӨМӨЗО-ы Аж үйлдвэрийн их сургуультай “Химийн инженерчлэл 2+2” бакалаврын хамтарсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа юм. Дээрх сургуулиудын төлөөлөгчдийг ШУТИС-ийн захирал,  профессор Б.Очирбат, ХШУС-ийн удирдлага, багш оюутнууд хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хамтарсан хөтөлбөрйн хэрэгжилтийн явц болон цаашид хэрхэн хамтын ажиллагааг өргөжүүлэх бололцооны талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

 

Мөн БНХАУ-ын их сургуулиудтай ХШУС-ийн профессор багш нарын хамтран гүйцэтгэж байгаа төслүүдийн явцын талаар болон хойшид хамтран гүйцэтгэх төслүүдийн чиглэлийг өргөжүүлэх, ХШУС-ийн багш нарыг докторын сургалтанд бүрэн тэтгэлэгтэйгээр суралцуулах талаар холбогдох салбар, тэнхимийн профессор багш нар санал солилцов. Уулзалтын төгсгөлд хамтарсан хөтөлбөрийн оюутнууд мэндчилгээ дэвшүүлэн урлагын тоглолтоо сонирхуулав.  Хятадын төлөөлөгчид “Статистик 2+2” хамтарсан хөтөлбөрийн оюутнуудаас хятад хэл болон математикийн хичээлийн урьдчилсан сорил авлаа.

Хурлын үеэр ХШУС-ийн захирал Д.Ганхуяг Чехийн төлөөлөгчидтэй уулзаж ахисан түвшний хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, гарааны компани байгуулж хамтарсан судалгааны төслийг санхүүжүүлэх хамтын ажиллагааны тухай гэрээнд гарын үсэг зурав.

ОХУ-ын төлөөлөгчидтэй Оросын суурь судалгааны сангийн төсөл /РФФИ/-д дэвшүүлэх төслүүд, цаашдын хамтын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцаж тохиролцлоо.

Хурлын үйл ажиллагаанд оролцож мэндчилгээ дэвшүүлсэн ШУТИС-ийн захирал Б.Очирбат болон дэд захирлууд, бүрэлдэхүүн сургуулийн захирлууд, зочид төлөөлөгчид, илтгэгчид болон хурлын үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан, мөн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байгууллагууд, ШУТИС-ийн Маркетингийн алба, Шинжлэх ухаан технологийн төв номын сан, Meal plus-2 цайны газар, Пума империал, Новотел зочид буудлын хамт олонд талархсанаа илэрхийлье.

Манай хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй www.icase.mn вэб хуудаснаас танилцаж болно.

ШУТИС, Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургууль