Ном, сурах бичиг хандивлав

АНУ-н сенат Виллиам Фулбрайтын санаачлагаар оюутан, судлаачид, багш, мэргэжилтнүүдэд зориулан 1946 онд байгуулагдсан АНУ-н засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр болох Фулбрайтын хөтөлбөрөөр  Агаарын хүчний технологийн институтын профессор Марк Гольц ГУУС-ийн Геологи, гидрогеологийн салбарт 2018-2019 оны хичээлийн жилийн хаврын улиралд ажиллаж байна. Тэрбээр Корнеллийн их сургуулийн бакалавр, Калифорнийн их сургуулийн магистр, Стэнфордийн их сургуульд докторын зэрэг хамгаалж АНУ-ын Агаарын хүчинд инженер, Стэнфордийн их сургууль, Агаарын хүчний технологийн институт-д профессороор ажиллаж байсан.

Профессор Марк Гольц, ШУТИС-ийн дэд захирал Х.Энхжаргал

Профессор Марк Гольц нь ГУУС-д Гидрогеологи, инженер геологи, геоэкологи мэргэжлээр суралцаж буй магистрант оюутнуудад газар доорх усны бохирдлын эрсдэлийн үнэлгээ хичээлийг заахаас гадна багш нарын англи хэлний түвшнийг сайжруулах, багш судлаач нарын судалгааны үр дүнг олон улсын нэр хүндтэй сэтгүүлд хэвлүүлэхэд хянаж зөвлөгөө өгөх, АНУ-ын бусад их сургуулийн профессор багш нартай хамтран төсөл хэрэгжүүлэх, олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллага (ABET)-ын шинжээчийн хувьд тус сургуульд хэрэгжиж буй хөтөлбөрүүдэд зөвлөгөө өгөх тал дээр идэвх санаачлагатай ажиллаж байна.

Тус сургуульд ирэхдээ профессор Марк Гольц нь Агаарын хүчний технологийн их сургууль, Калифорний их сургууль, Вашингтоны их сургууль, Мичиганы их сургууль, Жон Хопкингсийн их сургууль, Вритийн улсын их сургууль, АНУ-ын цэргийн корпус зэрэг 10 гаруй байгууллага, 14 хүнээс цуглуулсан усны хими, усны чанар, газар доорх усны урсгалын загварчлал, геотехник, усны бохирдол, бохирдлын нөхөн сэргээлт болон геологи, хүрээлэгч орчны бохирдол, хамгаалалтын тухай  нийт 108 ном, сурах бичгийг ШУТИС-ийн ГУУС-д хандивлалаа.

Ном, сурах бичиг гардуулах үйл ажиллагаанд ШУТИС-ийн Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, АНУ-ын элчин сайдын яамны Олон Нийттэй Харилцах Албаны дэд дарга Адам Хэннингс, Боловсролын хөтөлбөр хариуцсан ажилтан Х.Саруул, ГУУС-ийн захирал Л.Пүрэв, дэд захирал Н.Буянхишиг, профессор Марк Гольц болон гидрогеологи, инженер геологи мэргэжлийн профессор багш нар оролцов.

Ном, сурах бичгийн тээврийн асуудлыг хариуцан Монголд авчирсан Улаанбаатар хот дахь АНУ-ын элчин сайдын яамны хамт олонд баярлаж талархсанаа илэрхийлье.