ШУТИС 2019 онд түүхт 60 жилийн ойгоо тэмдэглэнэ

         Монгол Улсад Барилгын инженер, Аж үйлдвэрийн инженер-эдийн засагч мэргэжилтнүүдийг бэлтгэж эхэлсэн тэртээ 1959 оноос тус сургуулийн түүх эхлэлтэй. Политехникийн дээд сургууль /ПДС/-ийг 1969 онд МУИС-ийн бүрэлдэхүүнд Барилга, Эрчим хүч, Геологи-уул уурхай, Механик-инженер, Инженер-эдийн засгийн гэсэн таван факультет, мэргэжлийн 13 тэнхимтэйгээр байгуулжээ. 1982 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн шийдвэрээр ПДС-ийг бие даасан дээд сургууль, 1990 онд Монгол Улсын Техникийн Их Сургууль, 2001 онд Монгол Улсын Шинжлэх, Ухаан Технологийн Их Сургууль болгон өөрчлөн зохион байгуулж, өнөөдөр Монгол Улсын тэргүүлэх их сургуулийн нэг, дээд боловсролын шинэчлэлийн түүчээ болон хөгжиж байна.

         Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын Сайдын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/840 тоот тушаалаар Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн түүхт 60 жилийн ойг 2019 оны 10 дугаар сард тэмдэглэхээр шийдвэрлэсэн байна. Манай их сургуулийн хамт олон түүхт 60 жилийн ойгоо угтаж их бүтээн байгуулалт бүтээлч ажлыг өрнүүлэн их сургуулийн түүхийн 6 боть ном, 60 үндсэн сурах бичиг хэвлүүлэн, шинэ хичээлийн VIII байрны барилгыг эхлүүлэн 10 давхар хүртлээ баригдаад байна.

         ШУТИС нь ойрын ирээдүйд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны их сургууль болон хөгжих, Азийн шилдэг их сургуулийн нэг болох зорилт тавин ажиллаж байна. ШУТИС-ийн профессор багш, ажилтан ажиллагсад, оюутан, суралцагч, төгсөгчдийн бүтээлч санаачилга, байнгын хүчин чармайлт, бодит үйл хэрэг, хүсэл тэмүүлэл дүүрэн үйл ажиллагааны үр дүнд энэхүү зорилтыг амжилттай хэрэгжүүлэх болно. Их сургуулийнхаа нийт эрдмийн хамт олонд шинэ оны мэнд дэвшүүлж, түүхт 60 жилийн ойгоо угтсан хөгжил дэвшлийн их ололт, хөдөлмөр бүтээлд нь өндөр амжилт хүсч, сайн сайхныг ерөөе.

ШУТИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газар